Харрис, Трамп нарын мэтгэлцээнийг 67 сая хүн үзжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН, 2024
оны есдүгээр сарын 12 /CNN/. АНУ-ын дэд Ерөнхийлөгч
Камала Харрис болон Ерөнхийлөгч
асан Дональд Трамп нарын анхны мэтгэлцээнийг 17 телевизээр 67.1 сая хүн үзсэн гэж “Nielsen” судалгааны фирм мэдээлжээ.
Мягмар гарагт Филадельфи хотод ABC телевиз зохион байгуулж, 17 сувгаар шууд дамжуулсан мэтгэлцээнийг үзсэн хүний тоо зургаадугаар сард CNN-ийн зохион байгуулсан Д.Трамп, Ерөнхийлөгч Жо Байден нарын мэтгэлцээний үзэгчдийн тоог /51 сая/ хялбархан давсан байна.
Мягмар гаргийн мэтгэлцээн энэ онд хамгийн олон үзэгчийн анхаарлыг татсан телевизийн нэвтрүүлэг болсон боловч Д.Трамп, Ж.Байден хоёрын анхны мэтгэлцээнийг 73 сая
гаруй хүн үзэж байсан 2020 оныхтой
харьцуулахад буурчээ. Харин 2016 онд Хиллари Клинтон, Д.Трамп хоёрын анхны мэтгэлцээнийг 84 сая хүн үзсэнээр дээд амжилт тогтоож байлаа.
Гэхдээ 2016
оноос хойш телевизийн үзэгчдийн
зуршил эрс өөрчлөгдсөн бөгөөд “Nielsen” мягмар гаргийн мэтгэлцээнийг стриминг үйлчилгээ болон олон нийтийн сүлжээгээр үзсэн хүмүүсийн тооцоог гаргадаггүй. Өмнөх сонгуулийн жилүүдийнхтэй харьцуулахад мэтгэлцээнийг
телевизээр үзсэн америкчуудын тоо
цөөрсөн бол олон сая хүн дижитал платформоор үзсэн байна.
ABC телевизийг
хамгийн олон буюу 19 сая гаруй хүн үзсэн бол бол NBC 10 сая гаруй үзэгч, Fox News 9 сая гаруй үзэгчтэйгээр удаалжээ. Сонгуулийн өдөр болоход найман долоо хоног хүрэхгүй хугацаа үлдээд байгаа энэ үед болсон мэтгэлцээний үеэр Д.Трамп,
К.Харрис нар сонгогчдод өөрсдийн байр сууриа илэрхийлэхийг
хичээж, гол бодлогын асуудлуудаар нүүр тулан ярилцсан юм.
Мэтгэлцээнийг үзсэн сонгогчид К.Харрисыг Д.Трампаас илүү байсан хэмээн үзэж байгааг CNN-ийн санал асуулгын дүн харуулжээ. Хэдийгээр К.Харрис мэтгэлцээнд сайн оролцсон ч ширүүн өрсөлдөөнтэй тулгарсан хэвээр байгаа бөгөөд К.Харрисын багийнхан 10 дугаар сард хоёр дахь мэтгэлцээнийг хийхийг уриалсан бол Д.Трамп дахин мэтгэлцэх эсэх талаар тунгаан бодно гэж мэдэгджээ.