Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга 30 орчим хувийн гүйцэтгэлтэй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн шинэ барилгын бүтээн байгуулалт эхлээд байна.
Нийт 6.6 га газарт барих тус музейн барилга 45 мянга орчим хавтгай дөрвөлжин талбайтай. Талбайн хэмжээгээрээ Азийн улс орнуудын байгалийн музейн дунд долоодугаарт эрэмбэлэгдэх юм. Өөрөөр хэлбэл, Байгалийн түүхийн музей одоо түр байрлаж байгаа Лениний музейн барилгаас 13 дахин том гэсэн үг. Засгийн газар 2019 онд Их тэнгэрийн аманд баригдаж байгаад ажил нь зогссон “Зочид буудал, хурлын цогцолбор”-ын барилгын зориулалтыг өөрчилж, Байгалийн түүхийн музей болгох шийдвэр гаргасан юм.
Цар тахлын он жилүүдэд зураг төслийг өөрчлөх, гүйцэтгэсэн ажлыг хөрөнгөд бүртгэх, төлбөрийг нь шийдвэрлэх, гүйцэтгэгчийг шалгаруулах зэрэг ажил хийжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслолд оролцохдоо, Засгийн газар, холбогдох яам, нийслэл, гүйцэтгэгч компанийн хамт олонд талархал илэрхийллээ. Ард иргэдийн оюун санаанд томоохон хөрөнгө оруулалт болох музейн барилгын ажлыг товлосон хугацаанд нь, чанартай барьж ашиглалтад оруулахад онцгой анхаарахыг хүсэв.
Энэ музей шим ертөнц, хүн төрөлхтний үүсэл хөгжил, геологи, палеонтологи, газарзүй, биологийн төрөл зүйл, байгаль экологи, экосистемийн зүй тогтол, хувьсал өөрчлөлтийн тухай мэдлэг түгээн, байгалийн хуулиудыг хүүхэд багачуудад танин мэдүүлж, эх дэлхий, элгэн нутгаа хайрлан хамгаалах, эх орноороо бахархах үзэл санааг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэл төгс байгаагаа хэллээ.
Мөн бүс нутгийн болон олон улсын байгалийн шинжлэх ухааны хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, судалгааны эх сурвалж, мэдлэгийн эх булаг болно гэдгийг тэмдэглэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Чингис хаан Үндэсний музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр, спорт цогцолборын бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Цар тахал, эдийн засаг, геополитикийн хүндрэл, бэрхшээл тохиолдож байсан ч Чингис хаан Үндэсний музей болон олон жил гацсан Үндэсний номын сангийн барилгын ажлыг гүйцээн, ашиглалтад оруулсан юм.
Эдгээр бүтээн байгуулалт нь монголчууд оюун ухаан, мэдлэг чадвар, хүч хөдөлмөр, хүсэл зориг, эрч хүчээ нэгтгэн хамтран ажиллавал ямар ч зүйлийг хийж бүтээж чаддаг гэдгийн нотолгоо болсныг Ерөнхийлөгч энэ үеэр онцоллоо.
Ногоон байгууламж, авто зогсоолыг ч цогцоор нь шийдсэн Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилгын ажлын гүйцэтгэгчээр “Содон Номин констракшн” компани ажиллаж байна.
Тус компанийн захирал Б.Баттулга, “Барилга угсралтын ажлын шинэчилсэн төлөвлөгөөгөөр 2026 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар, нийт барилга угсралтын ажил 30 орчим хувьтай байна. Барилгын ажилд өдөрт 100-120 орчим хүн тогтмол ажиллаж байна” гэв.
Байгалийн түүхийн музейн үндэс суурь 1924 онд тавигдаж, 1956 онд шинэчлэгдэн байгуулагдсан түүхтэй. 1991 оноос Улсын төв музейн бүрэлдэхүүнээс гарч Байгалийн түүхийн музей болжээ.
Өдгөө тус музей сан хөмрөгтөө байгаа 12 мянга орчим байгалийн холбогдолтой үзмэр, эд өлгийн зүйлээс нийтэд толилуулж, байгалийн чиглэлээр бие даасан болон хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулж байна.
Байгалийн түүхийн музейн захирал И.Будбаяр хэлэхдээ, “Манай музей одоогоор 16 мянган үзмэртэй. Музейн барилгаас гадна сан хөмрөгийг баяжуулах, хүний нөөцийг бүрдүүлэх зэрэг ажил явагдах ёстой. Тиймээс үзүүлэг дэглэлтийн төлөвлөгөөг боловсруулан, сан хөмрөгийг баяжуулах ажил ч зэрэгцэн явж байна. Шинэ музейд нийт 220-240 ажилтан ажиллаж байж 44 мянган ам дөрвөлжин метр бүхий барилгыг бүрэн хэмжээнд ашиглах боломжтой. Манай музей бусад улсынхтай өрсөлдөхүйц хэмжээний музей болох бүрэн боломжтой. Өнөөдрийн байдлаар Азидаа долоодугаарт эрэмбэлэгдэх хүчин чадалтай музей байгуулах эхлэл тавигдаж байна” гэв.
Тус музейн шинэ барилгыг ашиглалтад оруулснаар мультмедиа, интерактив дэлгэц, динамик тоноглол бүхий 12 байнгын үзүүллэгийн танхим болон түр үзэсгэлэнгийн танхим, планетариум танхим, амфитеатр, номын сан, хурлын танхим, зоогийн газар, кофе шоп, бэлэг дурсгалын дэлгүүр, барилгын В1 давхарт 540 автомашины зогсоолтой байх юм.