Тамирчны медалийг хураасныг эсэргүүцсэн Румынийн Ерөнхий сайд Олимпын хаалтын ёслолд оролцохгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-08-07 11:09:46

КИШИНЕВ, 2024 оны наймдугаар сарын 7 /РИА Новости/. Румын улсын Ерөнхий сайд Марчел Чолаку Парис-2024 Олимпын наадмыг хаах ёслолд оролцохгүй гэдгээ мэдэгджээ. Тус улсын тамирчин Ана-Мария Барбоса гимнастикийн чөлөөт үзүүлбэрийн төрөлд хүртсэн хүрэл медалийг хураасныг эсэргүүцэн ийм шийдвэр гаргасан байна.


Барбоса чөлөөт дасгалын төрөлд гуравдугаар байр эзэлсэн боловч АНУ-ын шигшээ багийн төлөөлөгчдийн гаргасан эсэргүүцэл гомдлын дагуу Америкийн Жордан Чайлзын үнэлгээг дахин хянаж үзсэнээр түүнд хүрэл медалийг олгохоор болж, Румынийн тамирчин дөрөвдүгээр байр руу ухарчээ. Мөн ийм өөрчлөлтийн улмаас Румын гимнастикч Сабрина Войня тавдугаар байрт орсон байна.

“Манай тамирчидтай маш шударга бусаар харьцсантай холбогдуулан миний бие Олимпын наадмыг хаах ёслолд оролцохгүй гэсэн шийдвэрийг гаргалаа. Шударга хөдөлмөрөөрөө хүртсэн медалийг буцаан авах нь байж болшгүй хэрэг. Тэр тусмаа дасгалжуулагчид, техникийн мэргэжилтнүүд ч ойлгохооргүй өргөдөл гомдлын үндсэн дээр медалийг цуцлах нь шударга бус” гэж Ерөнхий сайд Чолаку фэйсбүүк хуудсандаа бичжээ. “Сабрина, Ана Мария та хоёртой ард түмэн хамт байна. Румынийн төр засаг та хоёрыг Олимпын медальтнууд гэж тооцох болно” гэж тэрбээр нэмж бичсэн байна.


Гимнастикчны медалийг хураасантай холбогдуулан Румынийн Олимпын хороо, Румынийн Гимнастикийн холбооноос Спортын арбитрын шүүхэд /CAS/ хандсан бол Румынийн Үндэсний Олимпын хорооны ерөнхийлөгч Михай Ковалиу ОУОХ-нд захидал илгээж, чөлөөт дасгалын үзүүлбэрийн шүүгчдийн үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. 

Холбоотой мэдээ