"Хүн цэцэгс-1" үзэсгэлэнд уран зураг, уран баримлуудыг дэлгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-08-04 16:13:37

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Зураач, барималч, бясалгагч Л.Энхтайваны 60 насны ойд зориулсан уран зураг, баримлын "Хүн цэцэгс-1" бие даасан үзэсгэлэн Монгол арт галерейд гарч байна.


Хөрөг бүтээлээр дагнан бүтсэн уг үзэсгэлэнд уран зураг, уран баримлуудыг дэлгэжээ.  Мөн эмэгтэй хүнийг цэцэгтэй зүйрлэн тодотгосноороо тус үзэсгэлэн онцлогтой.


Уг уран бүтээлч нь бясалгагч хүн тул өөрийн дотоод эмэгтэйлэг чанарыг нээн тольдсоноо урлагийн хэлэнд хөрвүүлэн буулгасныг үзэсгэлэнгийн “Миний дотоод эмэгтэй” хэмээх хэсэгт дүрсэлсэн байна.

Тэрбээр үзэсгэлэнгийнхээ бас нэгэн хүндтэй хэсгийг “Намайг тойрсон цэцэгс” хэмээн нэрийдэж, өөрийн хайртай 6 эмэгтэйг сонгон авч сонгодог уран зургийн хэлбэрээр дүрслэн бүтээжээ.

Үзэсгэлэнгийн өөр нэгэн хэсэгт “Дэлхийн шашин цэцэгсийн нүдэнд” нэртэй акриликийн бүтээлүүд байх бөгөөд тив болон улс үндэстнүүдийн төлөөлөл болгон зургаан эмэгтэйг сонгон чөлөөт дүрслэлээр бүтээсэн байна.

Түүнчлэн уран бүтээлч өөрийн охидоо урлагийн хэлээр илэрхийлсэн “Миний охид” бүтээлээ дэлгэжээ.  Дараагийн “Чөлөөт зохиомж” нэртэй хэсэгт бүсгүй хүний гоо сайхныг байгаль эхтэй нь холбон дүрсэлсэн байна.

Үзэсгэлэнгийн ганцаарчилсан хэсэгт “Орших, эс оршихуйн заагт хүмүүн байхуй” бүтээлд уран бүтээлч өөрийн хамтрагч хоёр эмэгтэйтэй хамтран бясалгал үйлдэж буйгаар дүрсэлжээ.


Тус үзэсгэлэн энэ сарын 10-ныг хүртэл олны хүртээл болно.    


            




Холбоотой мэдээ