К.Ледецки Олимпын ес дэх алтан медалиа хүртлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2024-08-04 09:26:21

ПАРИС, 2024 оны наймдугаар сарын 4 /BBC/. Америкийн супер од Кэти Ледецки Парисын Олимпын 800 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд түрүүлснээр Олимпын наадмаас хамгийн олон алтан медаль хүртсэн эмэгтэй тамирчинтай амжилтаараа эн зэрэгцлээ. 


К.Ледецки 8 минут 11.04 секундийн амжилт үзүүлснээр Олимпын нэг төрлөөс дөрвөн алтан медаль хүртсэн цорын ганц эмэгтэй тамирчин боллоо. Ийм амжилтыг Америкийн домогт усанд сэлэгч Майкл Фелпс өмнө нь үзүүлж байлаа.


К.Ледецкигийн хувьд энэ бол Олимпын ес дэх алтан медаль бөгөөд ЗХУ-ын гимнастикч асан Лариса Латынинатай алтан медалийнхаа тоогоор эн зэрэгцэж байна. Америкийн тамирчин Олимпоос нийт 14 медаль хүртээд байна.


Парисын Олимп эхэлснээс хойш К.Ледецки дөрвөн медаль хүртсэний хоёр нь алт, нэг нь мөнгө, нэг нь хүрэл медаль юм. Тэрбээр пүрэв гарагт эмэгтэйчүүдийн 4x200 м-ийн буухиа төрөлд мөнгөн медаль хүртсэнээр Олимпоос хамгийн олон медаль хүртсэн Америкийн эмэгтэй тамирчин болжээ.  


Харин М.Фелпс бол Олимпоос хамгийн олон буюу 28 медаль хүртсэн амжилтын эзэн бөгөөд тэдгээрээс 23 нь алтан медаль билээ.


Бямба гаргийн өглөө Канадын залуу тамирчин Саммер Макинтошийн Олимпын гараа амжилттай үргэлжилсээр 17 настай тэрбээр эмэгтэйчүүдийн 200 м-ийн ганцаарчилсан сэлэлтийн төрөлд түрүүлж, гурав дахь алтан медалиа хүртлээ.



Холбоотой мэдээ