Франц улс руу зорчих иргэдэд зөвлөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-07-29 16:29:44

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 29 /МОНЦАМЭ/. “Парис-2024” зуны Олимп энэ сарын 26-ны өдрөөс наймдугаар сарын 11-нд зохион байгуулагдахтай холбогдуулан Бүгд Найрамдах Франц Улсын хилээр нэвтрэх үед зорчигчдын авч орохыг зөвшөөрсөн бараа, бүтээгдэхүүний талаарх мэдээллийг хүргэж байна.


Тухайлбал:

Бэлэн мөнгө: Франц Улс, Европын Холбооны улсад зорчиж буй зорчигч 10 мянган евро болон түүнээс дээш хэмжээний бэлэн мөнгө, гадаад валют, үнэт металл /алт, мөнгө, зоос г.м/, мөнгө болгон хөрвүүлэх боломжтой санхүүгийн хэрэгслүүд /чек, үнэт цаас г.м/ авч яваа тохиолдолд энэ тухайгаа Франц Улсын гаалийн байгууллагад бичгээр мэдүүлэх үүрэгтэй. Мэдүүлээгүй тохиолдолд торгож, мэдүүлээгүй хөрөнгийг хураан авах шийтгэл оногдуулдаг байна.


Эм бэлдмэл: Дээрх улсад зорчихдоо хувийн хэрэгцээнийхээ шаардлагатай эм, бэлдмэлийг авч явах боломжтой. Тэдгээр эм, бэлдмэл нь зориулалтын баглаа, сав боодолтой, холбогдох жор /3 сараас хэтрээгүй/ мэдээлэлтэй, харах боломжтой байх ёстой. Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийг хориглоно.


Тэжээвэр амьтан: Франц Улс, Европын Холбооны холбогдох хууль журмын дагуу мал амьтдыг /гэрийн тэжээвэр амьтан/ Францын хилээр нэвтрүүлэхэд ЕХ-ны баталгаажсан гэрчилгээ бүхий мэргэжлийн мал эмнэлгийн байгууллагын тодорхойлолт, гэрийн тэжээвэр амьтны үнэмлэх, вакцины гэрчилгээ зайлшгүй шаардлагатай. Бусад дэлгэрэнгүй мэдээллийг Франц Улсын гаалийн албаны цахим хуудаснаас авах боломжтой.


Архи, тамхины хязгаар: Согтууруулах ундаа, тамхи, тамхины төрлийн бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлж, улсын хилээр нэвтрүүлэх дээд хэмжээ: Үүнд:

22 хувиас дээш хэмжээний хатуулагтай этилийн спирт агуулсан 1 литр хүртэлх согтууруулах ундаа;

22 хувиас доош хэмжээний хатуулагтай этилийн спирт агуулсан 2 литр хүртэлх согтууруулах ундаа;

10 ширхэгтэй 1 хайрцаг буюу 200 ширхэг янжуур тамхи;

50 ширхэг навчин тамхи;

250 грамм дүнсэн тамхи;

20 мл электрон тамхины цэнэглэгч;

100 грамм хамрын тамхи зэрэг болохыг ГХЯ мэдээлжээ.

Холбоотой мэдээ