Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр тохиож байна
ДЭЛХИЙН МЭДЭЭВАШИНГТОН. /VOA/. Долоон секунд тутамд 15-аас доош насны нэг охиныг хүчээр гэрлүүлж байна гэж хүүхдийн эрхийг хамгаалагч “Save the Children” олон улсын ТББ-ын саяхан нийтэлсэн тайланд дурджээ.
Өнөөдөр тохиож буй “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан гаргасан уг тайланд “Афганистан, Йемен, Энэтхэг болон Сомали зэрэг улсад 10 настай охидыг өөрсдөөс нь хамаагүй хөгшин эрчүүдтэй хүчээр гэрлүүлж байна” гэжээ.
Охидыг хүчээр эрт гэрлүүлж байгаа нь тэдний амьдралд насанд туршид нь сөргөөр нөлөөлөх болно гэж “Save the Children” мэдэгдэв.
Зөрчил мөргөлдөөн, ядуурал болон хүмүүнлэгийн хямрал нь охид хүчинд автан хөгшин эрчүүдтэй гэрлэхэд хүргэж буй гол хүчин зүйлүүд юм.
Сургуульд хамрагдах байдал, насанд хүрээгүй охид гэрлэх явдал, өсвөр насныхны жирэмслэлт, эхийн эндэгдэл болон парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоо зэргийг хамарсан уг тайланд охидын хувьд амьдрахад хамгийн хүнд хэцүү улс орнуудыг жагсаажээ. Ингэхэд Чад, Нигер, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Мали болон Сомали улс жагсаалтын хамгийн эхэнд бичигдсэн байна.
Ливанд амьдардаг Сирийн дүрвэгч “Сахар” /жинхэнэ нэр нь биш/ охиныг тус байгууллага тайландаа жишээ болгон татжээ. Тэрбээр 13 настайдаа 20 настай залуутай суужээ. Одоо тэрбээр 14-тэй бөгөөд хоёр сартай жирэмсэн аж.
Өнөөдөр дэлхийн хэмжээнд насанд хүрээгүй байхдаа гэрлэсэн охидын тоо 700 сая байгаа бол энэ тоо 2030 он гэхэд 950 саяд хүрэх төлөвтэй байна гэж НҮБ-ын Хүүхдийн Сан буюу ЮНИСЕФ мэдэгдлээ. Өнөөдөр "Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр" тохиож байгаатай холбогдуулан “Save the Children” энэ тайлангаа танилцууллаа.
Г.Доржханд