Ээрмэлийн гудамжийг Туулын гудамжтай холбосон авто замыг ашиглалтад орууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-07-16 16:00:41

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Нийслэлийн ХУД-ийн “Орхон” их сургуулиас урагш 115 дугаар сургууль хүртэл буюу Ээрмэлийн гудамжийг Туулын гудамжтай холбох замын ажил газар чөлөөлөлтийн улмаас гацаад байсныг нээжээ. Одоогоор замын гэрэлтүүлгийг нь хийж байна.


Хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн дөрөвдүгээр сард "Ариг гал" компанийн төлөөлөлтэй уулзан газар чөлөөлөлтийг шийдэж, авто замын ажлыг эхлүүлсэн юм. Ээрмэлийн гудамжийг Туул гол гудамжтай холбосон 0.6 км авто замын зорчих хэсэг нь 7 метр өргөн, хоёр талаараа 1.5 метр өргөн явган хүний замтай. Мөн ус зайлуулах шугам хоолойг угсарчээ.


Энэхүү зам ашиглалтад орсноор замын хөдөлгөөний өглөө, оройн оргил ачааллын үед Туул голын гудамжнаас Зайсангийн гудамж руу зүүн гар тийш эргэх хөдөлгөөн багасаж, ХААИС-ийн уулзвараас Зайсангийн гудамжаар Чингисийн өргөн чөлөө рүү зорчиж буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад болох нь багасах аж.


Мөн Туул голын гудамжнаас Чингисийн өргөн чөлөө рүү зорчих иргэд Ээрмэлийн гудамжаар зорчиж, Ази-Фарм эмийн сангийн гурван замын уулзварын огтлолцлын цэг багасаж, хөдөлгөөний аюулгүй байдалд үзүүлэх эерэг нөлөө нэмэгдэхийг ЗХУТ-ийн мэргэжилтнүүд тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ