Г.Мичидмаа: Хүүхэд, залуусыг спортоор хичээллэдэг байгаасай гэж хүсдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-05-30 14:54:32

Баян-Өндөр, 2025 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/ Орхон аймгийн хэмжээнд 24 сургуулийн 12 дугаар ангийг 1500 сурагч төгсөж, өнөөдөр мөнгөн хонхны баяраа тэмдэглэж байна. Удахгүй болох олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 2025 оны “Шилдэг төгсөгч” Г.Мичидмаатай цөөн хором ярилцлаа. 


-Өнөөдөр мөнгөн хонхны баяраа тэмдэглэн бас сургуулийнхаа шилдэг сурагч болсон явдалд баяр хүргэе. 

-Намайг Ганзоригийн Мичидмаа гэдэг. 5 дугаар сургуулийн 12 дугаар ангийг өнөөдөр төгсөж байгаадаа баяртай байна. Би волейболын спортоор хичээллэдэг. Урлаг, спортын амжилтыг маань үнэлж “Шилдэг төгсөгч” боллоо.


-Маш олон шагнал, медальтай юм байна, ямар ямар амжилтууд гаргаж байв?

-Энд нийтдээ 50 гаруй медаль байгаа. Би 5 дугаар ангиасаа эхлэн V сургуулийнхаа биеийн тамирын багш Д.Одгэрэл багшийн волейболын дугуйланд явж байгаа. Аймаг, хотуудын олон тэмцээнд орсон медаль, шагналууд байгаа. Хамгийн том шагнал нь Хангайн бүсийн волейболын мөнгөн медаль байна.


-Спортоор хичээллэхийн давуу тал юу вэ? Яагаад заавал волейболын спортыг сонирхон 7 жил хичээллэх болсон бэ? 

-Волейбол их гоё спорт. Эрүүл бие бялдартай, эрүүл зөв хооллох, мөн биеэ зөв авч явах, олон хөөрхөн найзуудтай болох гээд маш их давуу талтай.


Сүүлийн үед манай Эрдэнэтэд хөвгүүдээс гадна охидууд волейболын спортоор их хичээллэх болсон. Олон ч дугуйлан хичээллэж байгаа. Багийн спорт болохоор нөхөрсөг байх, нэг нэгнээ хүндлэх гээд их олон зан чанарыг олгодог гэж боддог.


Миний төрсөн хоёр ихэр, нэг насны зөрүүтэй дүү нар маань ч бас намайг дагаад волейболоор хичээллэж байгаа. Бид нэг багт тоглодог.


-Дүү нар нь хөвгүүд үү. Аав, ээж нь бас спортоор хичээллэдэг үү? 


Манай хоёр ихэр дүү охидууд. 11-р ангид сурдаг. Хүүхдийн спортын их наадамд тэр хоёр Улаанбаатар хот руу явсан байгаа. Аав, ээж хоёр өөрсдөө ажил төрлөө хийгээд бид тавын төлөө их хөдөлмөрлөдөг, биднийг ямагт волейболоор хичээллэхийг дэмждэгт үнэхээр баярладаг. Бид гурвын тэмцээн  уралдааныг байнга ирж үзнэ.Тэр тусам илүү амжилт гаргахыг бид хичээдэг. 



-Өнөөдөр сургуулиа төгслөө. Ямар мэргэжил эзэмшихээр зорьж байна вэ? 

-Ер нь бол гадаад улсад суралцана гэж бодож байна. Спортоо хэзээ ч хаяхгүй гэж бодож байна. Элсэлтийн ерөнхий шалгалтаа англи хэл, монгол хэлээр өгнө.


-Өнөөдөр сургуулиа төгсөж буй хүүхдүүдэд юу гэж хэлэх вэ? 

-Мөнгөн хонхны баяраа тэмдэглэж буй бүх үеийнхэндээ цаашдынх нь амьдралд аз жаргал, сайн сайхныг хүсье. Чөлөөт цагаараа спортоор хичээллэж эрүүл, зөв хэв маягтай хүмүүс болоорой гэж хэлмээр байна.








Холбоотой мэдээ