АРХАНГАЙ: Эрүүл мэндийн салбарын шилдгүүдийг шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-05-28 12:28:40

Эрдэнэбулган, 2025 оны тавдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Засаг даргын нэрэмжит эрүүл мэндийн салбарын шилдгүүдийг шалгаруулах үйл ажиллагаа өнөөдөр боллоо.


2025 оны “Эрүүл мэндийн шилдэг эмч, мэргэжилтэн” шалгаруулах уралдаанд 8 багийн эмч, 5 тусгай мэргэжилтэн, 5 нийгмийн эрүүл  мэндийн ажилтан, 26 сувилагч, 26 эмч, шилдэг 3 байгууллагыг шалгаруулж, нийт 236 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ.


Энэхүү “Шилдэг эмч, сувилагч” уралдааны 2025 оны онцлог нь мэргэжлийн төрлийг нэмэгдүүлж, эмч, сувилагчаас гадна багийн эмч, нийгмийн эрүүл мэндийн ажилтан, эмнэлгийн тусгай мэргэжилтэн гэсэн мэргэжлийн таван төрлөөр, эрүүл мэндийн байгууллагуудын менежментийг сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг дээшлүүлэх зорилгоор шилдэг менежменттэй анхан шатны эрүүл мэндийн байгууллага, хувийн хэвшлийн эмнэлэг гэсэн ангиллаар зохион байгуулсан юм.


Шилдэг менежменттэй анхан шатны Эрүүл мэндийн байгууллагаар Чулуут, Ихтамир сумын Эрүүл мэнгдийн төвүүд орсон бол хувийн хэвшлийн эмнэлгээр “Тана-Арцат” эмнэлэг шалгарлаа.


Шилдэг эмч, сувилагч, тусгай мэргэжилтнүүдийг дор дурдъя.


Оны шилдэг эмчээр Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн эрхлэгч, мэс заслын эмч А.Ганхуяг тэргүүлж 15 сая төгрөг, Эрүү шүдний мэс заслын эмч Б.Алтангоо дэд байрт шалгарч 10 сая, Нярайн эмч Б.Отгонмөнх гуравдугаар байрт орж 8 сая, дөрөвдүгээр байрт Ихтамир сумын эрхлэгч эмч Н.Номин-Эрдэнэ, тавдугаар байрт Тариат сумын Эх барих эмэгтэйчүүдийн эмч Т.Гэрэлтуяа нар шалгарч тус бүр 3 сая төгрөгөөр шагнууллаа.


-Шилдэг багийн эмчээр Өндөр-Улаан сумын багийн эмч Б.Оюунгэрэл,

-Шилдэг эмнэлгийн тусгай мэргэжилтнээр Нэгдсэн эмнэлгийн эх баригч Б.Амартулга,

-Шилдэг нийгмийн эрүүл мэндийн ажилтнаар Өгийнуур сумын ЭМТ-ийн нийгмийн эрүүл мэндийн ажилтан Д.Анхтуяа,

 -Шилдэг сувилагчаар Нэгдсэн эмнэлгийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний сувилагч Ш.Хажидмаа нар тэргүүлж тус бүр өргөмжлөл, 10 сая төгрөгөөр шагнуулсан юм.


Хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа энэхүү ажил нь эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, сувилагч нарын нийгмийн баталгаанд дэмжлэг үзүүлэх, харилцаа, хандлагыг сайжруулах зорилготой юм.


Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эрүүл мэндийн чиглэлээр 17 зорилт, 48 арга хэмжээг үр дүнд суурилсан төлөвлөлтийн аргачлалаар боловсруулан хэрэгжүүлж байна.

Холбоотой мэдээ