МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН АГЕНТЛАГ

АРХАНГАЙ: Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг 86 хувьтай үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-10-08 11:28:01

Эрдэнэбулган, 2025 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг Засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолын дагуу улс орон даяар явуулж байна.


Улсын үзлэгийг зохион байгуулах төв комиссын бүрэлдэхүүн Архангай аймагт энэ сарын 2-5-нд ажиллалаа.


Улсын үзлэгийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдын баталсан “Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын үйл ажиллагааг дүгнэх үзүүлэлт, аргачлал”-ын дагуу аймгийн ИТХ болон ЗДТГазрын үйл ажиллагаанд үнэлгээ өгч, бодит байдалд дүгнэлт цаашид анхаарах асуудлуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө, зааварчилгаа өгч ажилласан.


Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийн зорилго нь төрийн байгууллагуудын ажлын зохион байгуулалт, төлөвлөлт, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны хэрэгжилтийг шалгах, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний зорилт, чиглэлийг тодорхойлох юм.


Үзлэгийг явуулахдаа Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Монгол хэлний тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад захиргааны хэм хэмжээний акт, төв комиссын даргын баталсан хуваарь, аргачлалыг мөрдөж ажилласан юм.


Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын архивт түр хадгалах, 70 жил хадгалах, байнга хадгалах 1985-2024 оны 858 хадгаламж баримтыг хадгалж байна. 2019 оны улсын үзлэгийн дараагаас эхлэн архивын баримт хадгалах тусгай өрөөг гаргаж, стандартыг хангаж, тохижуулах ажлуудыг жил бүр нөөц боломжоороо хийсээр иржээ. Улсын үзлэгийг зохион байгуулж, хянаж, шалгана гэхээс илүү өгсөн заавар зөвлөмж нь энэ байгууллагад хамгийн чухал байсан нь одоогийн тохижуулсан архивын өрөөнөөс анзаарагдаж байлаа.


Улсын үзлэгийг орон нутагт зохион байгуулах аймгийн дэд комисс үзлэгт хамруулахаар 165 байгууллагын нэрсийн жагсаалт гаргаснаас өнөөдрийн байдлаар 86 хувийг буюу 11 сумын ЗДТГ, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 27 агентлаг, сургууль цэцэрлэг, төрийн өмчит компани зэрэг нийт 115 байгууллагын үйл ажиллагаанд үзлэг шалгалт хийгээд байна.


Дэд комисс 11-р сарын 15-ныг хүртэл бүх байгууллагад архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг үргэлжлүүлнэ. Зохион байгуулсан улсын үзлэгийн дүнг нэгтгэж төв комисс руу илгээсний дараа онооны системээр байр эзлүүлж, шагнаж урамшуулах хийгээд хариуцлага хүлээлгэх саналыг төв комисс гаргах юм байна.  

Холбоотой мэдээ