ЗАВХАН: Ээжүүд "Алдарт эх"-ийн одонгоо гардан авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-06-01 11:23:04

Улиастай, 2025 оны зургаадугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн хэмжээнд өнөөдөр нийт 329 эх "Алдарт эх"-ийн одонгоо гардан авч байна.


Энэ жил Завхан аймгаас 41 ээж "Алдарт эх"-ийн нэгдүгээр зэргийн одонгоор, 288 ээж "Алдарт эх"-ийн хоёрдугаар зэргийн одон гардан авах юм. "Алдарт эх"-ийн одон гардан авч буй эхчүүдээс хамгийн залуу нь Алдархаан сумын Өгөөмөр багийн ээж Энхбаатарын Мягмарсүрэн байна.


Энэ жилийн онцлог нь, төрүүлж өсгөсөн хэдий ч журмын шаардлагын дагуу "Алдарт эх"-ийн одонгоо авч чадаагүй байсан олон эх авч буй юм.  


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 13 дугаар зарлигаар "Алдарт эх"-ийн одонгоор шагнах журам шинэчлэгдэн батлагдсантай холбоотой тухайн эх хүсэлт гаргасан бол нэг ба түүнээс дээш настай нас барсан хүүхдийг хүүхдийн тоонд оруулж "Алдарт эх"-ийн одон олгодог болсон. Тухайлбал, Түдэвтэй сумын 75 настай ээж Жүгдэржавын Цэндсүрэн өнөөдөр "Алдарт эх"-ийн хоёрдугаар зэргийн одон гардан авч байна. Ээжүүдийн одонг аймгийн ИТХ-ын дарга Б.Санжсүрэн, Засаг дарга Г.Өнөрбаяр болон бусад албаны хүмүүс гардуулан өглөө. 


Ташрамд, Ардын их хурлын тэргүүлэгчдийн зарлигаар 1958 оноос “Алдарт эх” одонг олгож эхэлсэн бөгөөд “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль” 2010 онд батлагдан мөрдөгдөж байна. “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан үр хүүхдээ эрүүл энх өсгөн бойжуулсан эрхэм ээжүүдийг 67 дахь жилдээ алдаршуулан урамшуулж байна. 











Холбоотой мэдээ