УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл солилцов

СОНГУУЛЬ 2024
b.tuul@montsame.gov.mn
2024-06-19 15:12:24

Улаанбаатар, 2024 оны зургадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, гишүүн Д.Баяндүүрэн нар Нийслэл, дүүргийн сонгуулийн хорооны хуралдаанд оролцож, УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл солилцов.


Хуралдаанд нийслэлийн болон есөн дүүргийн сонгуулийн хорооны удирдлага, Нийслэлийн улсын бүртгэлийн газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн удирдлагууд оролцож, бэлтгэл ажлын үйл явцыг мэдээлэв.


Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран ил тод, нээлттэй байдлыг бүрэн хангаж, ажиглагч нарт хяналт тавих боломжийг бүрдүүлэх талаар сонгуулийн хороодын удирдлагуудад чиглэл өгсөн юм. Түүнчлэн хүний эрхийн мэдрэмжтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах зөвлөмжийг дагаж ажиллахыг сонгуулийн хороодын ажилтнуудад санууллаа.


Сонгогчдын боловсролыг дээшлүүлэх чиглэлээр санаачилгатай ажиллаж, “Сонгогч танаа” гарын авлага болон бусад мэдээллийг хүртээмжтэй түгээхийг даалгав.

Холбоотой мэдээ