Озоны давхаргыг задалдаг хортой хийн хэмжээ багасаж байгааг бүртгэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2024-06-14 16:39:32

ВАШИНГТОН, 2024 оны зургаадугаар сарын 13 /Nature/. Озоны давхаргыг хамгаалах хүн төрөлхтний хүчин чармайлт үр дүнгээ өгч, манай гаргийг нарны хортой туяанаас хамгаалдаг тус давхаргыг гэмтээж буй хортой хийн хэмжээ багасаж байгааг эрдэмтэд анх удаа бүртгэжээ. 


“Nature Climate Change” сэтгүүлд нийтлэгдсэн судлаачдын нийтлэлд дурдсанаар, агаар мандал дахь хлорфторт нүүрстөрөгчийн ялгарал шинжээчдийн таамаглаж байснаас хамаагүй эрт оргил үедээ хүрсэн байна. 


Озоны давхаргыг гэмтээдэг хорт бодисуудын ялгарал 2026 онд оргилдоо хүрнэ гэж эрдэмтэд үзэж байсан боловч таван жилийн өмнө дээд хэмжээндээ хүрчээ. Энэ бол "Дэлхийн хэмжээний асар том амжилт юм. Бүх зүйл зөв чиглэлд явж байна" гэж судалгааг ахлан явуулсан Бристолын их сургуулийн эрдэмтэн Лук Вестерн онцлон тэмдэглэжээ. 


Хлорфторт нүүрстөрөгчийг ашиглах дүрэм журмыг чангатгасан нь ийм ахиц дэвшил гарахад нөлөөлжээ. Озоны давхаргыг гэмтээдэг хорт бодисуудыг ашиглахыг хязгаарлах тухай Монреалын протоколыг 1987 онд байгуулсан билээ. Улмаар улс орнууд тэдгээр химийн бодисуудыг үйлдвэрлэхээ үе шаттайгаар зогсоосон бол 2010 оноос байгаль орчинд хамгийн хортой хлорфторт нүүрстөрөгчийг үйлдвэрлэхийг хориглосон юм. 


Гэсэн хэдий ч аэрозол болон бусад эх үүсвэрээс хор хөнөөл учирсан хэвээр байна. Хлорфторт нүүрстөрөгч нь агаар мандалд хэдэн зуун жилийн турш байх боломжтой тул озоны давхаргад нөлөөлсөөр байна гэж Л.Вестерн хэллээ. Түүнчлэн озоны давхарга тийм ч хурдан нөхөгдөхгүй гэдгийг эрдэмтэд хэлж байна. Дэлхийн озоны давхарга 1980 оны үе буюу цоорч эхлэхээс өмнөх үеийнхтэй адил болоход 40 орчим жил шаардагдана гэж НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн шинжээчид 2023 оны тайландаа мэдээлсэн юм.

Холбоотой мэдээ