“Моушин Монголиа” олон улсын орчин үеийн бүжгийн наадам болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Монголын урлагийн зөвлөлөөс “Моушин Монголиа” олон улсын орчин үеийн бүжгийн наадмыг гурав дахь удаагаа зохион байгуулах гэж байна.
Энэ сарын 15-наас эхлэн тав хоног үргэлжлэх тус наадам нь Монголын орчин үеийн бүжгийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулах, олон улсын түншлэлийг нэмэгдүүлэх зорилготой юм. Гурав дахь удаагийн наадмын хүрээнд БНСУ-ын Урлагийн зөвлөлтэй хамтарсан нүүдлийн урлан солилцооны хөтөлбөр, бүжиг дэглээчид болон бүжигчдийн чадавхыг дэмжих хөтөлбөр зохион байгуулж, тайлан тоглолтоо үзэгчдэд хүргэх ажээ.
Тухайлбал, Солонгосын “Мүдэн” бүжгийн хамтлаг болон монгол бүжигчдийн хамтарсан нүүдлийн урлан-туршлага солилцох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Мөн “Улаанбаатар” театр, Монгол Улсын консерваторт бүжиг дэглээчид, бүжигчдийн чадавхыг дэмжих зорилгоор Австрали, Унгар, Германы бүжиг дэглээч нарын лекц, сургалтыг зохион байгуулах юм.
Наадамд оролцсон уран бүтээлчдийн хамтарсан тайлан тоглолтыг энэ сарын 20-нд “Улаанбаатар” театрт олон нийтэд нээлттэй толилуулахаар болжээ. Энэ удаагийн наадамд Унгарын бүжиг дэглээч Золтан Фёдор, Германы бүжиг дэглээч Фабиан Конн, Австралийн бүжиг дэглээч Нэрида Маттэй, Австралийн бүжигчин Жэйд Брайдер, Надиа Милфорд зэрэг уран бүтээлч оролцох юм байна.