Зураач Л.Гүрсэд “Сэтгэлд шингэсэн өнгө” үзэсгэлэндээ 80 орчим бүтээл дэлгэжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. МУЭ-ийн шагналт зураач Л.Гүрсэдийн 80 насны ойд зориулсан "Сэтгэл шингэсэн өнгө" хүндэтгэлийн үзэсгэлэн Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд үргэлжилж байна.
Энэ удаагийн үзэсгэлэн нь 1960-1980 оны үеийн хүмүүсийн төрхийг бодит, уран сайхны аргыг хослуулан харуулснаараа онцлогтой. Тухайн цаг үеийн улс төрийн амьдралыг харуулсан ахуйн шог зураг, нийслэлийн хөгжил дэвшил, түүх, улс орныхоо ажилчин, хөдөлмөрч хүмүүсийн амьдралыг харуулсан шилдэг бүтээлүүдээ толилуулжээ. Түүний бүтээлүүдэд эх орончдын гавьяаг мөнхжүүлсэн утга агуулга зонхилдог. Мөн эх орныхоо үзэсгэлэнт байгаль, түүх, хувьсгал, хөрөг зураг, аж байдлын сэдвээс гадна шог зураг олныг туурвижээ.
Үзэсгэлэнгийн тухай зураач Л.Гүрсэд онцлохдоо, “Улаанбаатарын мэдээ” сонинд сурвалжлагч, зураачаар ажиллаж байлаа. Бүтээлийн хувьд хөрөг зургаас гадна сүүлийн үед түүхэн сэдвээр зурсан. Залуу зураачдыг хуулбар зураг хийхгүйн тулд дотоод сэтгэлийнхээ гүнд орж ажиллаасай гэж хүсдэг. Бүтээл бүрдээ сэтгэлээ шингээж зурсан учраас энэхүү үзэсгэлэнгээ “Сэтгэл шингэсэн өнгө” хэмээн нэрлэсэн” хэмээв.
Үзэсгэлэнд тус галерейн сан хөмрөг болон гэр бүл, үр хүүхдэд нь хадгалагдаж байгаа 80 орчим бүтээлийг дэлгэжээ. Тухайлбал, эл үзэсгэлэнгээс “Төрсөн нутаг-Аав ээж ач хүүтэйгээ”, “Эхийн хөрөг”, “Чин ван Ханддорж”, “Аж Богдын нуруу”, “Малчид оторт”, “Амар сайд”, “Сайн ноён хан Т.Намнансүрэн”, “Орос Монголын хэлэлцээр”, “Гурван улсын хэлэлцээр”, “Шастин эмч”, “Аварга саальчин Рэнцэн”, “Шог зураач Арнайн Гүрсэд”, “Цогтын хадны бичээс”, “Хоёр найз”, “Гэр бүлийн хөрөг”, “Халх эхнэр”, Урианхай өвгөн”, “Амьдралын өнгө” зэрэг бүтээлийг үзэх боломжтой.
Тус үзэсгэлэн 6 дугаар сарын 2-ныг дуустал олны хүртээл болно. Зураач Л.Гүрсэд 1944 онд Булган аймгийн Тэшиг суманд төрж, 1963 онд нийслэлийн V дунд сургуулийг, 1967 онд Багшийн дээд сургуулийг уран зураач мэргэжлээр төгссөн байна.










