С.Оюунтүлхүүр: Эмх цэгцтэй байдлыг багаас нь сургаж, төлөвшүүлэхийг хичээдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-05-29 13:41:39

Сүхбаатар, 2024 оны тавдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд 43 цэцэрлэгээс нийт 2130 хүүхэд СӨБ-оо /сургуулийн өмнөх боловсрол/ эзэмшин 1-р ангид элсэн суралцана.

 

Улс орон даяар анги дэвших, сургууль төгсөх эрдмийн баяраа тэмдэглэж байна. Энэ удаа СӨБ-оо эзэмшин сургуулийн алтан босгоор алхах цэцэрлэгийн багачуудаа онцоллоо.  

 

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Салхит 3-р багт орших 8-р цэцэрлэгээс жилийн турш зохион байгуулсан ажлынхаа үр дүн, ололт амжилтыг эцэг эх, олон нийтэд сурталчлах тайлант өдөрлөгийг зохион байгууллаа.

 

Энэ үеэр анги бүлгүүдийн урлагийн тоглолт, эцэг эх, хүүхдийн хамтарсан бүтээлийн үзэсгэлэн, эцэг эхэд зориулсан сургалт, спортын тэмцээн боллоо.

 

Тус цэцэрлэгийн эрхлэгч Т.Намираа, “Манай цэцэрлэгт 2023-2024 оны хичээлийн жилд 6 бүлгийн 200 гаруй хүүхэд суралцсан. Манайх үндэсний сургалтын хөтөлбөрийг Монтессори сургалтын арга зүйтэй хослуулан хүүхдүүдээ хөгжүүлж байна. Мөн нэмэлт 7 төрлийн дугуйланг хичээллүүлж, давхардсан тоогоор 216 хүүхдийг хамруулан хөгжүүллээ. Хамран сургалтын хувьд 3 дугаар багийн 67 хувь, тойргийн бус 33 хувийг сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлсэн.

 

Мөн бид 2022-2024 оны хичээлийн жилд 5 багшийг Монтессори сургагч багшаар бэлтгэн мэргэжлийн сертификаттай багш нарын багийг бүрдүүлэн ажилласан.

 

Манай цэцэрлэгийн нэг гол онцлог бол бяцхан морин хуурчид байгаа. БШУЯ-ны хөрөнгө оруулалтаар 10 ширхэг морин хуур үндэсний хөгжмийн зэмсгийг авч, “Таван хан” сургалтын төвийн Б.Амарсайхан багшаар удирдуулан үндэсний морин хуурын дугуйланг өдөр бүр зохион байгуулан, хүүхдийн хөгжилд хувь нэмрээ оруулж байна.

 

Бид СӨБ-ын үйлчилгээг чанартай эзэмшүүлэхийг зорилтоо болгож өмнөх хичээлийн жилүүдэд 88 хүүхдийг сургуульд бэлтгэн оруулсан. Энэ хичээлийн жилд 61 суралцагчийг сургуулийн өмнөх боловсролд бэлтгэн амжилттай төгсөлтөө хийж байна. Нийт цэцэрлэгийн хэмжээнд 149 хүүхдийг 2021-2024 оны хичээлийн жилд СӨБ-ын үйлчилгээг үзүүлж сургуульд бэлтгэн оруулсан” хэмээн ярилаа.

 

Тус цэцэрлэгийн “Бэлтгэл Б бүлэг”-ийн багш С.Оюунтүлхүүртэй ярилцлаа.

 

-Бэлтгэл бүлгийн хүүхдүүдээ төгсгөлөө. Танай ангийн хувьд үндэсний хөтөлбөрөөсөө гадна онцлог ямар сургалтуудыг явуулж хүүхдүүдээ хөгжүүлэв?

-Би энэ байгууллагад 3 дахь жилдээ ажиллаж байна. Эхний жилд ахлах бүлгийн хүүхдүүдтэй ажиллаж байсан. Энэ жил бэлтгэл бүлгийн хүүхдүүдээ хариуцан ажиллаж, үндэсний хөтөлбөрөө бариад, давхар Монтессори сургалтыг хослуулан, нэмэлтээр гимнастикийн дугуйланг хичээллүүлсэн.

 

-Бяцхан хүүхдүүдээ үдэх агшин ямар байдаг вэ? Их хөөрхөн юмаа. Багшаа, багшаа гээд л бүхий л юмаа асуух юм?

-Тийм шүү. Хүүхэд ер нь их хөөрхөн цагаан шүү дээ. Нэг хэсэг уур хүргэх юм гарна. Гэхдээ л удахгүй хөөрхөн хөөрхөн юм яриад л инээд хүргэнэ. Гэртээ болсон бүх үйлдлээ ирээд багшдаа ярина. Багшаа, багшаа гэж дуудаж ирээд л хөөрхөн юм ярина.

 

Хүүхдүүдээ их л санадаг юм. Эцэг, эхээс нь асуугаад л, сураглаад л явдаг. Сайн байгаа гэж дуулбал баярлаад л /инээв/. Төгссөн хүүхдүүдтэйгээ таарахаараа бөөн баяр болно шүү дээ. Хаана ямар сургуульд орсон, хэрхэн сурч байна гээд л ярьж өгнө.

 

Өнөөдөр хүүхдүүд минь заалгасан, сурсан бүх зүйлээрээ тайлангаа тавилаа. Би анх ерөөсөө багш болохгүй гэж боддог байлаа. Гэвч багш болоод ажиллаад ирэхээр хүүхдүүд минь өөрсдөө намайг багш болгон хүмүүжүүлж байна. Багш болоод өмнөх төгсөлтөөсөө л өөрийгөө анзаарсан. Би өөрийгөө тэгж сэтгэл гэгэлзэнэ гэж бодоогүй. Гэтэл хүүхдүүд маань төгсөөд явахаар их сонин болдог юм билээ. Сэтгэл сонин уйлах гээд ч байгаа юм шиг. Нэг л тийм сонин, хоолой зангираад, цээжин дээр юм тээглээд байх шиг болдог юм.

 

-Танай ангийг хэдэн хүүхэд төгсөв. Ер нь цэцэрлэгээс л хүүхдийн цаашдын ирээдүйн эхлэл тавигддаг болов уу. Одоо цагийн хүүхдүүдийн орчин, өөрсдийнх нь онцлог их өөр болж?

-Энэ жил 27 хүүхэд төгссөн. Байшин барихад сууриа хэрхэн тавихаас шалтгаалдаг шиг, тухайн хүүхэд ирээдүйд ямар хүүхэд болох вэ гэдэг нь яг 5 хүртэлх насанд тогтож, эзэмшиж байдаг. Ийм учраас энэ насанд хүүхдийн сурах, төлөвших зөв чигийг олж чиглүүлж өгөх нь чухал гэдэг.

 

Өмнө нь багш төвтэй сургалт байсан. Одоо хүүхэд төвтэй сургалт явж байна. Хүүхэд юу хүсэж байна, түүний дагуу хүүхдүүдээ дэмжиж, чиглүүлж өгвөл илүү хөгжинө. Хүүхдэд хүчээр, тулгаж юм хийлгэнэ гэж одоо байхгүй. Дургүй байгаа юмыг нь хүчээр хийлгэх гээд тулгаад байж хэзээ ч болохгүй. Сонирхлыг нь олж харж, түүн дээр нь дэмжээд хөгжүүлээд явбал хүүхэд сурахад амар байдаг.

 

Хүүхдүүд сэтгэлээ илэн далангүй илэрхийлдэг болсон. Бидний мэдэхгүй зүйлийг ч илүү сэтгэж чадаж байна. Бид хүүхдийн тоглоомыг машин, хүүхэлдэй гэж төсөөлдөг байсан. Гэтэл одоогийн хүүхдүүд илүү дэвшилтэт технологийг сонирхож байна. Түүнийг хүсэж байна. Жишээ нь манай ангийн нэг хүүхэд чи юу сонирхож байна вэ гэхэд дрон сонирхож байгаа гэдгээ хэлж байсан.

 

Би хүүхдүүддээ хичээл сургуулиас нь гадна дуу, бүжиг, дасгал, гимнастикаар хичээллүүлдэг. Энэ чинь хүүхдийг зөв хүмүүжил олгох, нийгэмшүүлэх, хүүхэд эмх цэгцтэй болоход маш их нөлөөлдөг.

 

Хүүхэд ямарваа нэгэн үйл ажиллагаан дээр тухайлбал, урлагийн тайзан дээр гарлаа гэхэд шууд гарахгүй, дарааллаараа гараад буцаж орохдоо хэрхэн буцаж буух вэ гэх мэт мэдлэгтэй болно.

 

Үүнийг эхлээд хэлж өгөөд дараа нь өөрсдөөр нь хийлгүүлж сургадаг. Цэцэрлэгийн хүүхэд гэхээр л багш нь очоод чи энд зогс, чи энд суу гэж зааж өгөөд байх биш. Тодорхой эмх цэгцтэй байдлыг багаас нь сургаж, төлөвшүүлэх нь чухал.   

 

-Хүүхэд бүр өөр өөрийн араншинтай. Тэр дундаа бага насны эцэг эх, эмээ өвөөдөө эрхэлж сурсан олон төрлийн ааш зантай хүүхдүүдийн эвийг олж харьцах амаргүй байх. Тухайлбал зөрүүд?

-Зөрүүд хүүхэд байна аа. Зөрүүд хүүхдүүд бусад хүүхэдтэйгээ хамт ороод юмаа хийхгүй. Өөр юм хийгээд тойроод л яваад байна. Тийм хүүхдүүдийг за ор, чи энэ хүүхдүүдтэй хамт хий гэж хэлж болохгүй. Зөнд нь орхидог.

 

Тэгээд байж байхад тухайн хүүхэд өөрөө аяндаа дураа хүрэхээр ирээд юм аа хийдэг. Дургүй үедээ огт хийхгүй шүү дээ. Гэтэл тэр зөрүүд хүүхэд, яг хүүхдүүд шиг хийгээд сурахгүй байна уу гэхээр үгүй, өөр юм хийгээд явж байхдаа хараагаараа тэднийгээ хараад суралцаад явж байдаг.

 

Яг бүгд нийтийн дасгалаа ч юм уу, дуу бүжгээ ч юм уу хийх үед за одоо хийх ёстой юм байна гэдгийг ойлгоод өөрөө ороод ирдэг хөөрхөн.

 

-Зарим ангид ганц нэг дэмжлэг хүссэн хүүхдүүд харагддаг. Танай ангид байгаа юу. Орон нутгийн онцлогоос тусгай анги танхим байдаггүй бололтой. Эдгээр хүүхдүүдтэй хэрхэн яаж харьцдаг вэ?

-Манай ангид тусгай дэмжлэгт нэг хүүхэд байдаг. Тэр хүүхэд маань үндсэн хүүхдүүдийнхээ программаар явахгүй. Гэхдээ тэр хүүхдэд ганцаарчилж олгох ёстой төлөвлөгөө боловсруулж ажилладаг. Бага багаар зааж сургах үйлийг хийдэг. Арай удаан сурдаг учраас нөгөө хүүхдүүдээсээ ялгаатай. Энгийн хүүхдүүдтэй ижил программаар хичээл хийхгүй. Энгийн хүүхдүүд гараа угаахдаа дарааллаараа өөрсдөө угаачихдаг бол энэ хүүхдэд халбагаа яаж барих вэ, хувцсаа яаж эвхэх вэ? гэх мэтээр өөрөө өөртөө үйлчлэх хөдөлмөрт нь суурилж хичээлийг нь ордог. Ерөнхийдөө ангид 1-2 хүүхэд байхаар хуульдаа зааж өгсөн байдаг.    

 

-СӨБ-ийн багш нарын тухайд хүний эрх танхи, учир мэдэхгүй, жаахан хүүхдүүдтэй арга эвийг нь олоод ажиллана гэж бодохоор илүү тэсвэр шаардсан, бас хүнд хөдөлмөр шиг санагддаг?

-Нэг хичээлийн жил өнгөрлөө гэдэг маань надад туршлага болон үлдэж байна л гэсэн үг. Жил ирэх тутам хүүхдүүд өөрчлөгдөж байна. Өсөн дэвжиж, оюун ухаан нь тэлж байна. Багш мөн хүүхдүүдээ дагаад суралцах, өөрчлөгдөх шаардлага урган гарч ирж байна.

 

Иймээс багш өөрөө ур чадвар, арга зүй дээрээ өөрчлөлт хийх болж байна. Ер нь илүү л гарч суралцахгүй л бол хүүхдүүдээсээ бараг хоцрох гээд байна. /Инээв/.

 

Ер нь бага насны хүүхдүүдтэй ажиллана гэдэг мэдрэмж шаардсан мэргэжил. Эхний жилдээ хүүхдийн арга эвийг олохгүй, жаахан сандарч тэвдэж, учраа олохгүй байсан. Одоо харьцангуй дээрдэж, туршлагатай болж байна. Цаашид ажиллах тутам улам туршлагажиж сайжрах байх л даа.

 

Миний хүүхдүүд надад их л жаахан санагддаг. Гэтэл бага ангийн 2 настай хүүхдүүд авч байгаа багш нар миний хүүхдүүдийг том хүүхдүүд гэдэг. Эд нар минь надад жаахан л харагдаад байгаа юм чинь. Хэдийгээр 2 настнуудын дэргэд том ч гэсэн.

 

-Цэцэрлэгийн багш, залуу хүний хувьд цаашид анхаармаар өөрт санагдсан сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Яг одоо хүүхдүүд минь сургуулийн өмнөх боловсролоо эзэмшлээ. Цаашид сургуульд орно бага боловсрол эхлээд эзэмшинэ. Миний хувьд бага боловсрол, СӨБ-ын багш хоёрын хоорондын харилцаа, уялдаа холбоо муу байдаг юм шиг санагдсан.

 

Тодруулбал сургуульд орох хүүхдийг яаж бэлтгэх юм. Тэр хүүхдүүд хэрхэн бэлтгэгдэх юм гэдэг дээр уялдаатай баймаар санагдсан.

Жишээ нь зарим сургуулийн багш нараас та хэд бичиг цаастай зууралдаж, бичүүлэхээс илүүтэй, бие даасан байдал руу нь, бие даах чадварт нь сургаад өгөөч ээ гэдэг.

 

Тиймээс цэцэрлэгт хүүхдийг сэтгэхүй талаас нь гэхээсээ илүүтэй бие даах чадвартай, өөрөө өөртөө үйлчилж сурсан байдалд сургах чадвар дээр нь илүүтэй маш сайн анхаарч, сургаж өгөх нь илүү юм шиг санагдсан.  

 

Манай цэцэрлэгийн хэрэгжүүлж байгаа монтессори сургалт чинь өөрөө амьдрах ухаанд суурилсан сургалт ш дээ. Яг энэ хүссэн зүйл рүү чиглэсэн. Хүүхдийг багаас нь амьдрах ухаанд сургаж, бие даасан, өөрөө өөртөө тодорхой зүйл дээр үйлчилж сурсан, болох болохгүй зүйлийн зааг ялгааг мэдэж чадсан байдалд сургадаг сургалт.

 

Амьдрал дээр томчууд нэг юм хийхдээ хэрхэн хийдэг зүйлийг хүүхдэд зориулсан хэлбэрээр зааж оруулж өгдөг. Тухайлбал хурц үзүүртэй зүү, хайч байлаа гэхэд “боль, нүд амаа хатгачихна” гэдэг. Гэтэл түүнийг хүүхэд өөрөө хэрэглээд гар хуруугаа нэг удаа хатгачихлаа гэхэд дахиад түүнд хүрэхдээ болгоомжтой хүрэх жишээтэй.

 

Энэ мэт амьдралд хэрэглэдэг зүйлсийг, хэрхэн яаж танин мэдэж хэрэглэж сурах чиглэлд хүүхдийг сургадаг. Энд зүү, хутга зэргийг монтессори сургалтад хэрэглэдэг. Амьдрах ухаанд суурилсан бүхий л мэдлэгийг хүүхдэд олгодог.  

 

Иймээс манай цэцэрлэг хүүхдүүдээ бие даасан, амьдрах ухааны мэдлэгтэй болгон хүмүүжүүлж байна гэж болно.

Холбоотой мэдээ