Ц.Мөнхзаяа: Морин хуур тоглоход мэдрэмж маш их шаарддаг

ӨВ СОЁЛ
otgontsetseg@montsame.mn
2024-05-09 12:34:59

Сүхбаатар, 2024 оны тавдугаар сарын 9 /МОНЦАМЭ/.  Сэлэнгэ аймгийн “Таван хан” морин хуурын сургалтын төвийн суралцагч, Сүхбаатар сумын Улсын тэргүүний ЕБ-ийн 1-р сургуулийн 11в ангийн сурагч Ц.Мөнхзаяатай ярилцлаа.


-Өдрийн мэнд хүргэе. Төрийн их хуур хэмээгддэг монгол үндэсний гайхамшигт хөгжим болсон морин хуурыг хэдийнээс сурч эхлэв. Яагаад энэ хөгжмийг сонирхон хичээллэх болов?

-Би бага ангиасаа л морин хуур хөгжмийг сонирхдог байсан. Тэгээд яг суралцах гэхээр нэг л боломж, бололцоо багатай байлаа. Ер нь морин хуурын сургалтад явна гэж бодоод л явдаг байв. Гэтэл дунд нь 2 жил короногийн улмаас хөл хорионд байсан болохоор ормоор байсан ч гэсэн орох боломжгүй үе таарсан.

Тэгээд 2020 оноос хойш БТА, МУСТА Б.Амарсайхан багшийнхаа удирдлага дор Сэлэнгэ аймгийн “Таванхан” морин хуурын сургалтын төвд тасралтгүй суралцаж байна.


-Морин хуур хөгжмийг сурахад хэцүү байв уу. Өөрөөс тань юуг их шаардав. Энэ хөгжмийн тухайд өөрийн тань ойлголт?

-Морин хуур бол мэдрэмжийн хөгжим. Хүн болгон тоглочихооргүй, маш нарийн мэдрэмжийг шаарддаг. Наад зах нь морин хуур тоглоход чих онгойсон байх хэрэгтэй. Хувь хүнээс маш их шалтгаална. Тэсвэр тэвчээр их шаардана, мөн нарийн мэдрэмж шаарддаг хөгжим. Тухайн суралцагч өөрөө хэр их хүчин чармайлт гаргана, түүнийхээ хэрээр сайн тоглож сурна. Улам сайжирна.


-Саяхан Улаанбаатар хотод болсон Чингис хаан одонт Морин хуурын чуулгын "Мөрөөдлийн эгшиг" тоглолтод оролцож, гоцлол тоглосон гэсэн. Энэ талаараа?

-Тийм том, Чингис хааны одонт их чуулгын тайзан дээр тоглох маш гоё байсан. Энэ бол маш том аз, олдохгүй том боломж гэж би ойлгож байгаа. Баргийн хүнд олдохгүй ховор завшаан. Энэ тоглолтыг Морин хуурын чуулгыг үүсгэн байгуулсан Батчулуун /агсан/ гэдэг мундаг, агуу морин хуурчийн төрсөн өдөрт зориулан зохион байгуулсан юм билээ. Би энэ тоглолтод аймгаасаа ганцаараа багштайгаа хамт, өөр 3 аймгийн морин хуурын сургалтын төвийн хүүхдүүдийн хамт оролцсондоо баяртай байна.


Намайг ийм амжилтад хүргэсэн багшдаа маш их талархаж байгаагаа илэрхийлье. Ийм том чуулгын тайзан дээр тоглох боломжийг олготол анхны суурийг минь тавьж өгсөн Амарсайхан багшдаа маш их баярлаж байна.


-Гоцлол тоглоноо гэдэг маш том давуу чанар болов уу. Ямар аялгуу тоглов. Тухайн үед энэ сайхан аялгуугаа морин хуураараа эгшиглүүлээд сууж байхад юу бодогдож байв. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Ц.Сүхбаатарын хөгжим "Үүлэн бор” зохиолыг Морин хуурын чуулгын тайзан дээр гоцлол тоглосон. Тэр том тайзыг хараад, чуулгын ах эгч нарыг хараад Түвшинсайхан удирдаач удирдаж байгааг хараад маш их сэтгэл догдолсон. Бас их бахархалтай санагдсан.


Маш их эмээж, сандарч байсан. Тэгээд зохиолынхоо дунд нь ороод ийм гоё зохиолыг би гоцлоод тоглож байгаа ш дээ гэж бодоод сандархаа больсон. Тоглох явцдаа зохиолоо мэдрээд ирэхээр аялгуундаа өөрөө уусан ороод зөвхөн тэр аялгуу, хөгжмөө л анхаардаг.


-Багш тань сургалтаа ямар арга барилаар явуулж байна. Тухайлбал чамд юуг эрхэмлэж зааж сургадаг вэ?

-Манай багш ер нь сэтгэл зүй талаас маш их дэмждэг, зөвлөдөг. Энэ хөгжмийг тоглосноор чамд ийм ирээдүй байна, ийм боломж байна, ийм сайхан нөхцөл бүрдэнэ гэх мэтээр сэтгэл зүйг маш бэлтгэж өгдөг. Урам оруулж өгдөг.  


-Мэдээж хоёрхон чавхдаст энэ сайхан хуурыг татаж сурч байгаа болохоор өөрийн гэсэн уран бүтээлтэй болсон биздээ?

-Багштайгаа хамтарч 10 гаруй зохиолыг бүрэн гаргасан. Тухайлбал Чардаш Витторио Монти, Н.Жанцанноров Сэтгэлд шингэсэн говь нутаг минь, Ц.Дамдинсүрэн Хэнтийн өндөр ууланд, Свиридов Вальс, Идэрбат Морин төвөргөөн, Жамьян Ардын 2 дуу, Пүрэвхүү Икэлийн эгшигт нутаг, Ц.Сүхбаатар Үүлэн бор, Шуман Бодол, Чибулаг Түмэн агтны төвөргөөн гэх мэт.


-Морин хуур хөгжимд зөвхөн ардын болоод уртын дууг л тоглодог гэсэн ойлголт ихэнх хүмүүст байдаг. Чиний тухайд гадаадын сонгодог аялгууг хүртэл тоглож сурсан байна шүү дээ. Монгол аялгуу гадаад аялгуу тоглоход хэр ялгаатай вэ?

-Ялгаатай. Тухайлбал нотны солилцоон дээр өөрчлөлт гарна. Ардын болоод сонгодог техник гэж байдаг. Олон техник бий. Энэ техникүүдээ маш сайн эзэмших нь чухал байдаг.


-Морин хуур хөгжмийн онцлог юу вэ?

-Морин хуур бол монгол ардын уламжлалт хөгжим. Хүн бүр морин хуурыг зөвхөн Жалам хар аялгуугаар төсөөлдөг. Морин хуур гэхээр энэ л зохиол толгойд нь буудаг. Гэтэл тийм биш. Морин хуур хөгжмөөр хүссэн аялгуугаа, хүссэн зохиолоо тоглож болно. Бүүр өөрөө ая зохиогоод ч тоглож болдог маш гоё уран, яруу хөгжим. 2-хон утаснаас бүх нот гардаг. Сонсголоороо ч тоглож болдог. Гэхдээ нот харж тоглох, сонсголоороо тоглох 2 маш их ялгаатай л даа.


-Танай сургалтын төв насны ангиллаар хүүхдүүдээ хичээллүүлдэг үү. Юунаас эхэлдэг вэ?

-Одоо явж байгаа хүүхдүүд ижил түвшний хүүхдүүд байгаа. Хамгийн бага нь 3-р ангиас эхэлдэг. Хамгийн том нь 11-р анги, би байна. Багш хичээлээ ерөнхий суурь тавиад, тэгээд шууд нотоо үзээд, техникээ заагаад эхэлдэг. Тэгээд анхан шатны зохиолоос хүнд зохиол руу шилжих байдлаар ордог.


-Эхлэн суралцагчийн хувьд бэрхшээл тохиолдож байв уу?

-Анх сурахад хэцүү. Гар, нуруу өвдөнө. Суултнаас эхлээд зөв суух хэрэгтэй болдог. Нуруу тэгшхэн, хөл, гуя тэгш, ширээний түвшинд, морин хуураа биеийнхээ хэмд зориулан хазайлгаад тоглох ёстой.

Гоё зөв суусан байхад морин хуур тоглоход маш гоё харагдахаас гадна, нуруу өвдөхгүй. Эмх цэгцтэй суух байдлыг морин хуур олгодог.


-Удахгүй сургуулиа төгсөнө. Цаашид морин хуураа орхихгүй, мэргэжлийн түвшинд авч явах талаараа бодож байгаа юу. Ямар морин хуур тоглож байна?

-Би сургалтын морин хуур тоглож байгаа. Өөртөө морин хууртай. Би цаашид морин хуураа хаяхгүй, улам сайжруулаад сурна. Сурсан бүх зүйлээрээ сонгон шалгаруулалтад орж шалгалт өгнө гэж боддог. Улам сайхан хөгжүүлнэ.  


-Танай удамд морин хуурч бий юу. Төгсөхөөсөө өмнө бие даасан уран бүтээлийн тоглолт хийх үү, бодол юу байна?

-Манай удамд морин хуурч байхгүй. Би багштайгаа нийлээд уран бүтээлийн тоглолт хийх бодолтой байгаа.


-Танай “Таванхан” морин хуурын сургалтын төвийнхөн хэр их уригдаж тоглодог вэ? Урилга ирнэ биз?

-Уригддаг. Олон гоё газраар явж тоглож, олон сайхан хүмүүстэй танилцдаг. Наадмын нээлтэд бид бүгдээрээ оролцож, морин хуураа тоглодог. Энэ жил 100 жилийн ойгоо тэмдэглэх сумдад очиж тоглоно.


-Морин хуурыг эрэгтэй хүн тоглодог үе байлаа. Энэ ч утгаар эмэгтэй хүн ховор тоглодог. Одоо харин охидууд их сонирхож тоглодог болж. Танай хамтлагт олон охид бий юу?

-Манай “Таван хан” морин хуурын төвд эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд 50х50 харьцаатай суралдцаг. Одоо бол хүүхдүүд хүйс хамаагүй морин хуур тоглох сонирхолтой болсон.


-Анхлан суралцагч хүний хувьд, ирээдүйн том морин хуурч болох эхлэлээ тавьсан хүний хувьд бусад хүүхдүүдэд хандаж өгөх зөвлөмж юу байна?

-Анх сурахад маш их өвдөлтийг мэдэрдэг. Гар, нуруу маш их өвддөг. Одоо бол би сурсан учраас тэр өвдөлтүүдээ мартсан. /инээв/


Мөн гэр бүлийн зүгээс, зарим найз нөхдийн зүгээс сэтгэл зүйн дарамт ирдэг. Морин хуур тоглож сурахад маш их тэвчээр, цаг хугацаа шаарддаг. Зарим хүүхдүүдэд өшөө илүү урт хугацаа ч хэрэгтэй болох үе байдаг. Яагаад гэвэл сууж сурахаас эхэлдэг. Дараа нь техникээ заалгана. Тэгээд нотоо заалгаад морин хуураа тоглож эхэлдэг. Энэ шат дамжлагыг давахад нэлээдгүй цаг хугацаа ордог.


Гэтэл гэр бүлийнхэн, найз нөхдөөс чи морин хуур тоглох гээд суралцаж байгаа юм чинь нэг ая тоглоодох гэж шаарддаг. Тэр хүүхэд тоглож чадахгүй бол юу сурсан юм, яваад л байсан гэх мэтээр дэмжих биш, харин ч урамгүй болгоод суралцаж байсан морин хуураа орхиход хүргэдэг.


Морин хуур бол тийм амархан сурчих хөгжим биш л дээ. Эхэндээ зөв суух, хуурын чавхдасаа зөв татаж сурахаас эхлээд маш их цаг хугацаа зарцуулж байж, нэг аялгуу тоглож сурах жишээтэй.

Иймээс хугацаа шаардсан юманд тэвчээртэй, ар гэрийн дэмжлэгтай байж л тухайн хүүхэд юмыг сурдаг, сонирхолтой болдог, хөгждөг гэж би боддог.


-12-р ангиа төгсөөд хөгжмөөрөө явах уу. Өөр бодсон сонгосон зүйл байгаа юу?

-Би оюун ухаан зарцуулсан, толгойгоо ажиллуулахыг шаардсан эдийн засагч, инженер матфизикийн хичээлүүдийг илүү сонирхдог. Хөгжмөө бас сонирхдог. Аль алийг нь аваад л явахыг мөрөөддөг.


-Морин хуур дэлхийн өв болсон монголын гайхамшигт хөгжим. Ийм сайхан хуурыг тоглож байх үеийн бахархал?

-Би зохиолоо тоглож байх үедээ зохиолчоор нь маш их бахархдаг. Яаж ийм гоё аялгууг зохиодог байна вэ гэж биширдэг.


Тиймээс би, ийм сайхан зохиолыг гутаачихгүй, хэмийг нь бариад гоё тоглочих юмсан гэж мэрийдэг. Ийм бодлоор маш сайн давтаж байгаад тоглодог. Тайзан дээр гараад гоё тоглож, хүмүүсийн сонорыг мялаахын тулд сайн давтдаг.


-Хуурын аялгуугаар хүмүүстэй ярилцаж, үгээ ойлгуулдаг гэж хэлж болохоор. Ийм сайхан чадварыг эзэмшүүлсэн багшийнхаа ямар чанарыг эрхэмлэж явдаг вэ?

-Багш маань хэдийгээр хатуу чанга ч гэсэн маш их сэтгэл зүйгээр дэмждэг. Хатуу байгаагийн хүчээр би өнөөдөр ийм амжилттай, морин хуураа хаяхгүй улам мэрийгээд, тийм том чуулгатай хамт тоглох хүртлээ явж байгаа гэж боддог.


Хэрвээ багш тийм биш байсан бол би шантраад гарлаа гэхэд багш яв л гэх байсан байх. Чиний л сонголт юм чинь өөрөө л мэд гэх байсан байх. Тэгвэл багш тийм биш.


Багш хүүхдийнхээ ирээдүйг илүү олж харсан учраас хатуу чанга байдлаар сургаж байна. Тийм ч учраас сэтгэл зүйн чадамжийг илүү суулгаж өгч байна.


-Шантарч дундаас нь орхих явдал хүүхдүүдэд бий юу?

-Гэр бүл дэмжихгүй бол тэр хүүхэд цаашид суралцах ямарч боломжгүй байдаг. Орхиод явж байгаа хүүхдүүд гэр бүлийн шалтгаанаар л орхидог. Багш хэдийгээр ганцаараа зүтгээд үр дүн гарахгүй ш дээ. Тэнд гэр бүл, найд нөхөд бүгд хамаралтай. Манай найзууд намайг маш сайн дэмждэг.


Өмнө морин хуурыг тоглодог хүмүүс ховор байсан. Одоо хүүхэд, хөгшидгүй тоглодог, сонирхдог болсон. Уламжлалт гоё хөгжим. Бид ажлын 5 өдөр хичээллэдэг. Багачууд маань үдээс өмнө. Бид үдээс хойш өдөрт 2-3 цагийн хичээл хийдэг.


-Баярлалаа. Амжилт хүсье.

Холбоотой мэдээ