Б.Нарандэлгэр: Залуу үеийнхэн зан үйл, хөгжим, сэтгэл зүй заслын чиглэлээр хэл хуурыг сурч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-05-07 17:30:08

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол хэл хуур тоглооч, судлаач, өвлөн уламжлагч, урлаач нарын анхдугаар чуулганыг Монгол угсаатан хэл хуурчдын холбооноос санаачлан анх удаа Соёлын өвийн үндэсний төвд энэ сарын 6-нд зохион байгуулав.


Чуулганы үеэр Монгол угсаатан хэл хуурчдын холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын Соёлын элч Б.Нарандэлгэрээс дараах асуултад хариулт авав.


-Хэл хуурчдын анхдугаар чуулганаар ямар асуудлыг хөндөв. Хэл хуурыг түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд сурталчлах, хэл хуур хөгжмийн хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр та бүхэн ямар ажил хийж байна вэ?

-Түүхэн тэмдэглэлт өдөр боллоо. Чуулганд 21 аймаг, 9 дүүргийн нийт 80 гаруй өвлөн уламжлагч, 30 гаруй урлаач, хэл хуурыг бөө зан үйлтэй холбон судалдаг 20 гаруй судлаач оролцож илтгэл тавилаа. Чуулганаар монгол уламжлалт хэл хуур гэж юу вэ, монгол хэл хуур хөгжмийн татлага, ая дан, хэм хэмнэл нь юу болохыг харуулахыг зорьж илтгэл тавьж хэлэлцүүлэв. Мөн монгол уламжлалт хэл хуурыг урлаж гаргасан брэндинг үүсгэж, олон улсад таниулан сурталчлах ажлыг эхлүүлээд байна.


-Монголын уламжлалт хөгжмийн зэмсгийн нэг хэл хуур хөгжим дэлхийн 160 гаруй оронд тархсан байдаг гэсэн. Манай хүүхэд залуус хэл хуурыг хэр сонирхож байна вэ?

-Орчин үеийн залуус маш их сонирхож байна. Хэл хуур хөгжмийг албан бус тоогоор 2000 гаруй залуу сонирхон судалж байна. Залуу үе маань урлагийн тайзнаа тоглохоос илүүтэй зан үйл, хөгжим, сэтгэл зүй заслын чиглэлээр ашиглаж, судалж байгаа.

Монгол угсаатан хэл хуурын холбоо 2018 оноос нийслэлийн 9 дүүргийн 60 сургуулийн 10 мянга гаруй сурагчийн дунд монгол хэл хуур гэж юу вэ, хэрхэн тархаж буйг таниулан сурталчлах үйл ажиллагааг эхлүүлсэн. 2019 оноос Монголын Эмэгтэйчүүдийн холбоотой хамтран 8 аймаг, 3 сумаар хэл хуурыг таниулан сурталчлах соёлын ажлыг үргэлжлүүлсэн. Цаашлаад ковидын дараа 2022 оноос хилийн дээс алхаж, Европын 8 улсын 45 хотоор болон тэнд амьдарч буй 4500 монгол хүүхэд залуу, гэр бүлд хэл хуурын онцлог, ая дан, хэрхэн тоглодог талаарх түүхийг таниулан сурталчлахаас гадна өвлүүлэн уламжлуулах ажил хийж байна.  Мөн Япон, Солонгос, Америк, Хятад, Орос, Тайвань, Тайландаас бидэнд маш их санал ирж байгаа.


-Монгол угсаатан хэл хуурчдын холбооны ойрын хугацаанд хийхээр төлөвлөсөн ажил болон хэтийн зорилго, зорилтоо товч танилцуулна уу?

-Манай холбооны хамгийн ойрын ажил гэвэл, хэл хуурчдыг чадавхжуулах, тэдгээрийг таниулан сурталчилж, өрсөлдөх чадварыг дэмжих чиглэлээр Монгол Улсын хэмжээнд шилдэг хэл хуурчдыг шалгаруулах анхдугаар тэмцээнийг ирэх 8 дугаар сард зохион байгуулнаМөн Япон улсад 2025 онд болох Дэлхийн хэл хуурчдын 10 дугаар чуулга уулзалтад Монгол Улсынхаа шилдэг хэл хуур тоглооч, урлаач нарыг оролцуулах ажлыг хийж байна.


Харин алсын хараа, зорилго гэвэл, монгол уламжлалт хэл хуурыг дэлхийн өвийн төв ЮНЕСКО-д бүртгүүлэх, “Монгол уламжлалт хэл хуур”-ын музей байгуулахаар ханцуй шамлан орж байна. Үүнийг ойрын 10 жилийн хугацаанд хийхээр төлөвлөсөн.

Тухайн музей олон улсын хэл хуурын танхим, монгол угсаатны хөгжмийн танхим, үүх түүхийг харуулсан баримтат танхимтай байх юм. Үүнийг өвлөн улмажлагчид маань дэмжиж, өвөг эцгээсээ өвлөн авсан хэл хуураа хандивлахаар илэрхийлж байна. Мөн Монгол угсаатан хэл хуурчдын холбоо 21 аймагт салбар зөвлөлөө зарлаж, тэргүүлэгчдээ сонгоно. Хилийн чанадад ХБНГУ, Бельгийн Хаант Улсад Монгол угсаатан хэл хуурчдын холбооны салбар зөвлөлөө байгуулсан. Энэ нь дэлхийд хэл хуур хөгжим хөгжиж буй 160 улсын хэл хуурыг Монголдоо цуглуулах, гарал үүслийн хувьд монгол хэл хууртай хэрхэн огтлолцож буйг түүхэн талаас нь харуулахыг зорьж байна.


Анхдугаар чуулганы үеэр Монгол угсаатан хэл хуурчдын холбооны бэлгэ тэмдэг болсон хэл хуурыг бүтээснээ олон нийтэд танилцуулсан юм. “Угсаатан” хэмээх энэхүү хуурыг хуур урлаач Б.Болд-Эрдэнэ мэргэжлийн түвшинд урласнаараа онцлогтой. 2006 оноос бөө мөргөлийн чиглэлээр хэл хуур урлаж эхэлсэн тэрбээр гууль, зэс, ган, хар төмрөөр нийт 15-16 төрлийн загвараар урлаад байгаа аж.

Хэл хуурт XIII зууны үед үүсэж хөгжиж дэлгэрсэн нуман хуур, голын хэсэгт 3500 жилийн түүхтэй, Төв аймгийн Алтанбулаг сумын нутгаас Хүннүгийн үеийн булшнаас олдсон ясан хуур болон төмөр хуур, монгол тооно буюу нэг дээвэр дор дэлхийн хүмүүс гэсэн утгыг агуулсан дөрвөн төрлийн хэл хуурыг дүрсэлжээ. 



Холбоотой мэдээ