ДОРНОГОВЬ: Монгол, Хятадын зэвсэгт хүчний хамтарсан “Талын түнш-2024” хээрийн сургууль болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-05-06 12:08:57

Сайншанд, 2024 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Батлан хамгаалах яам БНХАУ-ын Ардын чөлөөлөх армитай хамтарсан “Талын түнш-2024” хээрийн сургуулийг Дорноговь аймаг дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангийг түшиглэж, Зэвсэгт хүчний зарим нэгтгэл, ангийн бүрэлдэхүүний дэмжлэгтэйгээр энэ онд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.


Хамтарсан сургуулийн онцлог нь хоёр талаас мотобуудлагын батальоны түвшинд цэрэг, зэвсэг, техник оролцуулж, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, харилцан итгэлцлийг бэхжүүлэх, цэрэг-техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэжээ.


“Талын түнш-2024” хамтарсан хээрийн сургуулийн Монгол талын удирдагчаар Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга хурандаа Ц.Буяндэлгэр ажиллаж байгаа гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.


"Талын түнш-2024” хамтарсан сургууль нь хоёр улсын Зэвсэгт хүчний хамтарсан уламжлалт сургуулийн үргэлжлэл бөгөөд 2009 онд БНХАУ-ын нутаг дэвсгэрт “Энхийг сахиулах элч” энхийг сахиулах ажиллагааны хамтарсан сургалтаар эхэлж, 2013 онд Монгол Улсын нутаг дэвсгэрт “Талын манлайлагч” гамшгийн эсрэг тэмцэх ажиллагааны сургалт, 2015 онд “Анчин бүргэд” терроризмын эсрэг тэмцэх ажиллагааны сургалтаар тус тус явуулж байжээ

Холбоотой мэдээ