Б.Обамад "там руугаа тонил!" гэж хэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМАНИЛА. /ВВС/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалагчидтай хийж буй дайныг “харгис балмад хэрэг” гэж шүүмжилсэн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамад хандан Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте хэлэхдээ “там руугаа тонил!” гэжээ.
АНУ, Филиппин хоёр хамтарсан хээрийн сургууль хийж байгаа энэ үед тэрбээр ийм мэдэгдэл хийсэн байна. Цэргийн сургуулилтад Америкийн 1100, Филиппиний 400 цэрэг оролцож байгаа юм.
Р.Дутертегийн явуулж буй хар тамхины эсрэг дайны явцад шүүхийн шийдвэргүйгээр хэдэн мянган хүнийг хөнөөгөөд байгаа ажээ.
Мягмар гарагт Р.Дутерте улсынхаа төрийн түшээд болон бизнес эрхлэгчдэд хандан үг хэлэхдээ “Филиппиний мансууруулах бодис наймаалагчидтай тэмцэх тактикийг АНУ шүүмжилж байгаад харамсч байна” гэжээ. Тэрбээр Вашингтоныг “найдваргүй холбоотон” гэж тодорхойлоод “бидэнд туслахын оронд шүүмжлэхийг урьтал болгож байна. Тиймээс ноён Обама та там руугаа тонил!” гэсэн байна.
Мөн тэрбээр “АНУ хандлагаа өөрчлөхгүй бол би ерөнхийлөгчийн суудлаас буухаасаа өмнө Вашингтонтой харилцаагаа таслахад хүрч магадгүй. АНУ-аас илүүтэйгээр Орос болон Хятадтай харилцаагаа бэхжүүлсэн нь дээр байж болох юм” гэж анхааруулжээ.
АНУ Манилад зэвсэг худалдахаас татгалзсаныг тэрбээр дурдаад “бид зэвсгийг хаанаас ч худалдаж авч чадна” гэжээ.
Р.Дутерте өнгөрсөн сард АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамаг бүдүүлэг үг хэллэгээр доромжилсны дараа Вашингтоны эрх баригчид хоёр талын уулзалтыг цуцалсан бөгөөд ингэснээр хоёр улсын харилцаа муудсан юм.
Г.Доржханд