АНУ-ын дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн мэтгэлцээн боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-10-05 14:30:06

ВАШИНГТОН. /NHK/. Ардчилсан нам болон Бүгд Найрамдах намаас дэд Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчдийн хооронд мэтгэлцээн боллоо. Нэр дэвшигчид тус тусын намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй хүмүүсийн байр суурийг хамгаалж, бие биенийгээ шүүмжилсэн байна.

Виржиниа муж улсаас сонгогдсон сенатч Тим Кэйн Ардчилсан намаас дэд Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа бол Бүгд Найрамдах намаас Индиана муж улсын захирагч Майк Пенс нэр дэвшиж байгаа юм. Тэдний мэтгэлцээн өчигдөр Виржиниагийн их сургуулийн байранд болжээ.

Тим Кэйн Хиллари Клинтоны хувийн и-мэйл хаяг ашигласан хэрэгтэй холбогдуулан хэлэхдээ, “Хиллари бусдад үйлчилгээ үзүүлэх болон гэр бүл, хүүхдийн эрхийг өргөжүүлэх тал дээр илүү их анхаарал хандуулсан. Би түүнд итгэдэг” гэсэн байна.

Харин Майк Пенс, Трамп татвараас олон жил зайлсхийсэн гэсэн мэдээлэлтэй холбогдуулан Америкийн татварын хуулийг ашиглах гэж гаргасан учраас Трамп уг хуулийг ашигласан гэж мэдэгджээ.

Үүний зэрэгцээ Тим Кэйн хэлэхдээ, Трамп удаа дараа ноцтой мэдэгдэл хийсэн гэж буруушаагаад, тэр бол Ерөнхийлөгчийн албан тушаалд тохирох хүн биш гэсэн байна. Үүний хариуд Майк Пенс Х.Клинтоныг буруутгаад, тэрбээр Ойрхи Дорнодод алдаатай бодлого явуулж, тус бүс нутагт эмх замбараагүй байдал бий болгосон гэсэн байна.

Дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг ганцхан удаа явуулахаар товлосон юм.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ