ӨМНӨГОВЬ: Хүүхэд багачуудын ном унших дадлыг хүсэл сонирхолд нь нийцүүлж нэмэгдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-04-22 14:52:56

Даланзадгад, 2024 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. "Говийн ирээдүй хүүхэд" хөтөлбөрөөр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд ном унших дадлыг хэвшүүлэх чиглэлээр үе шаттай төлөвлөгөөт ажлууд зохион байгуулж байна.

 

Хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн төв номын сангаас санаачлан “Цондоолой Цүндээлэй хоёр” гар зургийн уралдааныг зохион байгуулж, 2024 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр шилдгүүдээ шалгарууллаа.


 

Үйл ажиллагаанд 200 гаруй хүүхэд хамрагдсанаас уралдаанд нийт зургаан сургуулиас 58 хүүхэд бүртгүүлэн оролцож тэргүүн байрт нэгдүгээр сургуулийн 4в ангийн сурагч Б.Наранчимэг, дэд байрт мөн сургуулийн 3б ангийн сурагч У.Анужин, гутгаар байрт дөрөвдүгээр сургуулийн 4а ангийн сурагч Л.Хурцэцэг, тусгай байрт тавдугаар сургуулийн 2е ангийн сурагч О.Намуунтуул нар тус тус шалгарчээ.  

 

Уралдааныг Даланзадгад сумын ЕБС-ийн 1-4 дүгээр ангийн сурагчдын дунд зохион явуулж, хүүхэд багачуудын хамгийн их унших дуртай цуврал "Цондоолой Цүндээлэй" хоёр ба "Динза" номуудын цуврал болон өөрсдийн дуртай бусад номоос уншиж судлан, таалагдсан үйл явдлыг бүтээлч сэтгэлгээгээр уран дүрсэлж зурснаар нь шалгаруулсан байна.

 


Өдөрлөгийн үеэр хүрэлцэн ирсэн хүүхэд багачууд тойрон бүжиг сурч хамтдаа бүжиглэж, Цондоолой болон түүний эгдүүтэй найз Цүндээлэй, цаг хугацаа орон зайгаар аялагч Динза цуврал номын тухай асуулт, хариултын тэмцээнд оролцож өдрийг хөгжилтэй өнгөрүүлжээ.

 


Хүүхэд багачуудын сонирхон уншдаг цуврал номуудыг хамтдаа уншиж тэднийг урамшуулж, уралдаан тэмцээн зохион байгуулж хүсэл сонирхлыг нь дэмжсэнээр ном унших дадал хэвшил нэмэгдэхэд чухал нөлөө үзүүлдэг талаар номын санчид онцолж байна. 

Холбоотой мэдээ