Монголын тайзнаа Доницеттийн хошин дуурь анх удаа хөшгөө нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-17 10:59:45

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Италийн хөгжмийн зохиолч Гаэтано Доницеттийн “Дурлалын ундаа” хошин дуурийг Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид Монголын тайзнаа анх удаа нээх гэж байна.


Хоёр бүлэг, дөрвөн үзэгдэлтэй энэхүү дуурийн анхны тоглолтыг 1832 оны тавдугаар сарын 12-нд Италийн Милан хотын “Театро делла Каноббиани”-д тоглож байсан түүхтэй. Тэгвэл орчин үеийн шийдлээр Монголын тайзнаас үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Тус дуурь Адина, Неморино, Белькоре, Дулькамара, Жанетта гэсэн таван гол дүртэй. Дуурийн үйл явдлыг товч байдлаар хүүрнэе.


Адина бол хөрөнгөлөг баян, үзэсгэлэнт бүсгүй. Тэрбээр хайрын тухай номд дуртай бөгөөд Тристан Изольда нарын гэгээн хайрын тухай уншиж байна. Энэ нь Немринод маш гүн сэтгэгдэл төрүүлж, тийм нууцлаг ундааг олж авахыг хүснэ. Энэ үед түүний өрсөлдөгч Белькоре Адина руу хандана. Тэр бол Немориногоос илүү авхаалжтай, нүүрэмгий тул Адина түүний хүсэлтийг хүлээн зөвшөөрч буй сэтгэгдэл төрүүлдэг. Үнэндээ бол Адина үүнийг хүсээгүй бөгөөд тэрбээр номд гардаг шиг ариун хайрыг мөрөөдөгч юм. Неморино Адинаг цорын ганц хайраа гэж андгайлбал, бүсгүй түүний чин сэтгэлд уярна.


Тосгонд хэрмэл оточ Дулькамараг ирэхэд Неморино “дурлалын шидэт ундааг” авч уун, халамцжээ. Немориног өөрийг нь анзаарахгүй байгаад Адина гайхна. Түрүүч Белькоре хүрч ирсэн нь Адинад Немориногоос хариугаа авах сайхан боломж бүрдэж, тэрбээр Белькоретой гэрлэхээр амалдаг. Немориногийн уусан архи тэр дороо гарчихав. Гэнэн Немориног эрэлхэг түрүүчтэй харьцуулж болно гэж үү. Адинагийн байшингийн өмнө Неморина оточ Дулькамаратай таарч дахин нэг “Дурлалын ундаа” асууна. Неморинод мөнгө байхгүй тул шидэт ундаа авахаар өөрийгөө золиослон цэрэгт элсэхээр шийдэв. Адина Немориногийн үнэнч хайрын сэтгэлийг биширч, цэрэгт татагдах бичгийг худалдан авч, хайрт залуугаа чөлөөлөн гэрлэснээр дуурь төгсдөг ажээ.


Уг дуурийг энэ сарын 27, 28-нд үзэгчдийн хүртээл болгоно. 

Холбоотой мэдээ