Жейкоб Зумаг сонгуульд оролцуулахгүй байхыг шаарджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-04-12 17:31:15

ПРЕТОРИ, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /RT/. ӨАБНУ-ын Сонгуулийн хорооноос тус улсын Ерөнхийлөгч асан Жейкоб Зумаг ирэх тавдугаар сард болох парламентын сонгуульд оролцохыг зөвшөөрсөн шийдвэрийг хүчингүй болгохыг шаардаж, Дээд шүүхэд хандан яаралтай горимоор шийдвэрлүүлэх нэхэмжлэл гаргажээ.


"Зума парламентад сонгогдох эсэхийг аль болох түргэн шийдвэрлэх хэрэгтэй. Хэрэв бүх нийтийн сонгууль болох тавдугаар сарын 29-ний өдрийн дотор шүүх шийдвэрээ гарахгүй бол сонгуулийн дүн, мөн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэх эсэх нь эргэлзээтэй болно" гэж Сонгуулийн хорооны дарга Мосото Моепья мэдэгдсэн байна. 


Одоо 82 настай Зума шүүхээс ял сонссон тул парламентын сонгуульд оролцуулахгүй байх шийдвэрийг Сонгуулийн хороо гуравдугаар сарын 28-нд гаргажээ. Уг шийдвэрийг гаргахдаа 12 ба түүнээс дээш сар хорих ял авсан хүнийг 5 жилийн хугацаанд сонгуульд оролцохыг хориглоно гэсэн Үндсэн хуулийн заалтад үндэслэсэн байна.


Харин Ерөнхийлөгч асан Өмнөд Африкийн Сонгуулийн шүүхэд давж заалджээ. Сонгуулийн шүүх Зумагийн талд шийдвэрээ гаргаж, түүний нэрийг сөрөг хүчний "Умконто ве сизве" (МК) намаас нэр дэвшигчдийн жагсаалтад оруулахыг зөвшөөрсөн байна. Ингэхдээ Зумад өршөөл үзүүлсэн болон тэрбээр шоронд 12 сар хүрэхгүй хугацаагаар хоригдсон гэдгийг харгалзан үзжээ.


МК нам 2023 оны сүүлчээр байгуулагдсан бөгөөд намын дарга нь Зума юм. Тэрбээр МК намыг дэмжиж байгаагаа зарлахдаа 2018 оны хоёрдугаар сар хүртэл удирдаж байсан эрх баригч “Африкийн үндэсний конгресс” намд санал өгөхгүй гэдгээ мэдэгджээ. Хамгийн сүүлд явуулсан санал асуулгын дүнг үзвэл, МК нам нь парламентын сонгуулиар сонгогчдын 15 хувийн саналыг авах төлөвтэй байна. Үүний зэрэгцээ, Африкийн үндэсний конгресс” сонгогчдын 37 хувийн дэмжлэгийг авахаар байгаа нь Үндэсний Ассемблейд (парламентын доод танхим) олонх болох магадлалыг багасгаж, Өмнөд Африкийн шинэ Ерөнхийлөгч хэн болох вэ гэдэг асуудлыг бүрхэгдүүлж байна. Үндсэн хуульд заасны дагуу  Ерөнхийлөгчийг Үндэсний Ассамблейн гишүүдийн олонхын саналаар сонгодог ажээ. 

Холбоотой мэдээ