Японы Гадаад хэргийн дэд сайд ОХУ-д айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-10-04 14:12:54

ТОКИО. /TASS/. Японы Гадаад хэргийн дэд сайд Шинүкэ Сүгияма ирэх долоо хоногт Москвад айлчилж, ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Владимир Титовтой уулзана гэж “Yomiuri Shimbun” сонинд мэдээлжээ.

Талууд ОХУ-Японы стратегийн яриа хэлцээний сэдвийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн Өмнөд Курилийн арлуудтай холбоотой асуудал болон Японы Засгийн газраас баталсан найман зүйлт эдийн засгийн хамтын ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэх ажээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 12 дугаар сард Японд айлчлал хийх гэж байгаатай холбогдуулан Япон улс ОХУ-тай яриа хэлцээг эрчимжүүлэх сонирхолтой байна гэж “Yomiuri Shimbun” сонинд бичсэн байна.

Путины айлчлалын өмнө Японы Гадаад хэргийн сайд ОХУ-д айлчлахаар төлөвлөж байгаа гэж Японы Гадаад хэргийн яам мэдэгдсэн билээ. Уг айлчлалыг 10 дугаар сарын сүүлчээр хийх бололтой. 

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ