ДОРНОГОВЬ: Сурагчдад англи хэлний сургалтад хамрагдах эрхийн бичиг гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-04-09 13:28:04

Сайншанд, 2024 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд хотноо “Bridge to Dornogobi” олон улсын боловсролын үзэсгэлэнг энэ оны дөрөвдүгээр сарын 5-6-нд зохион байгууллаа. 


Боловсролын үзэсгэлэнд 11 улсын 17 байгууллага оролцож гадаадын их, дээд сургуулиудад суралцах боломжийн талаар говь нутгийн хүүхэд залууст мэдээлэл өгсөн юм. Гадаадын их, дээд сургуульд сурахад юун түрүүнд шаардлагатай байдаг хэлний мэдлэгээ сайжруулах, цэгцтэй бүрэн дүүрэн мэдлэг олоход тууштай хөдөлмөр зүтгэл хэрэгтэйг зохион байгуулагчид онцолж, үзэсгэлэнгийн үеэр сургууль бүрийн төлөөлөл болох найман сурагчид англи хэлний сургалтад хамрагдах эрхийн бичиг гардууллаа.


Дорноговь аймгийн ИТХ-ын 2021 оны шийдвэрээр Англи хэлтэй Дорноговь” хөтөлбөр баталсан бөгөөд хөтөлбөрийн хүрээнд "Bridge to Dornogobi" олон улсын боловсролын үзэсгэлэнг зохион байгуулсан байна.


Цаашид орон нутагтаа гадаад хэлний боловсролыг нутагшуулах, англи хэлний багш нарын болон иргэдийн гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх, сургуулиудын англи хэлний танхимыг шинэчлэн тохижуулах, хүүхдийн сурах, хөгжих таатай орчныг бүрдүүлэх зорилго дэвшүүлэн ажиллаж байна хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ