Туркэд онц байдлын хугацааг гурван сараар сунгана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-10-04 09:58:02

АНКАРА. /Anadolu/. Өнгөрсөн долдугаар сард цэргийн эргэлт хийхийг оролдсонтой холбоотойгоор Турк даяар зарласан онц байдлын хугацааг гурван сараар сунгахаар төлөвлөж байгаагаа тус улсын Засгийн газар даваа гарагт мэдэгджээ.

Анх гурван сарын хугацаатай зарласан онц байдлын хугацаа энэ сарын 18-нд дуусах юм.

Тус улсын засгийн газрын албаны хүмүүс хэлэхдээ “террорист бүлэглэлүүдийг, тэдгээрийн дотор АНУ-д байгаа лалын шашны номлогч Фетулла Гуллены удирддаг хөдөлгөөнийг дарахад илүү их цаг хугацаа хэрэгтэй байна” гэв. Тус хөдөлгөөнийг долдугаар сард цэргийн эргэлт хийхийг оролдсон гэж эрх баригчид  үзэж байгаа юм.

Онц байдал зарласан хугацаанд парламентын зөвшөөрөлгүйгээр засгийн газар аливаа хууль тогтоолыг баталж болдог ажээ.

Цэргийн эргэлт хийхийг оролдоход оролцсон гэх шалтгаанаар 30 мянга гаруй цэргийн албан хаагч, шүүгч болон бусад хүмүүсийг баривчлан саатуулж, 8000 гаруй төрийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлөөд байна.

Ерөнхийлөгч Р.Т.Эрдоганы тэргүүлсэн эрх баригч нам парламентад олонх учир онц байдлыг сунгахыг дэмжих нь тодорхой.

Харин тус улсын сөрөг хүчнийхэн онц байдлын хугацааг сунгахыг “эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэрэг” гэж үзэн эсэргүүцэж байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ