ДОРНОГОВЬ: Шог зураач Р.Гал-Од бие даасан нөхөрсөг шог зургийн үзэсгэлэнгээ дэлгэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2024 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Шог зураач Р.Гал-Од бие даасан нөхөрсөг шог зургийн үзэсгэлэнгээ Дорноговь аймгийн Музей сургалт, судалгааны төвд инээдмийн баярын өдрийг тохиолдуулан олны хүртээл болголоо.
Шог зураг бол хүний зүс царайны онцлог, ялгарах шинж төрхийг илүү хошин
байдлаар хэтрүүлэг ашиглан олон нийтэд хошин байдлаар дүрслэн
үзүүлэх урлаг аж. Тухайн хүнийхээ биеийн
хэлэмж,
донж маяг, онцлог шинжийг хараад
танигдахаар хөнгөн хөгжилтэй илэрхийлэх нь хүмүүст инээд бэлэглэхээс гадна тухайн зураачийн мэдрэмж,
авьяас чадварыг давхар илтгэдэг.
Үзэсгэлэндээ Монголын утга зохиол, урлаг соёл, спорт, улс төрийн салбарт өөрийн байр суурийг хэдийнэ олсон алдартнуудын зургийг нөхөрсөг өнгө аясаар буулгасан байна. Тухайлбал, Ардын уран зохиолч Б.Догмид, Төрийн шагналт зохиолч, яруу найрагч Ш.Гүрбазар, Төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарам, МУУГЗ, хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр, улсын арслан Р.Пүрэвдагва, Б.Орхонбаяр зэрэг 50 гаруй хүний хөргийг нөхөрсөг хошин хэлбэрээр дүрсэлжээ.
Шог зураач Р.Гал-Од 2009-2013 онд СУИС-ийн Дүрслэх урлагийн дээд сургуулийн уран зургийн анги төгссөнөөс хойш шог зургийн салбарт өөрийн авьяас чадвар, уран бүтээлээ зориулж 2012 онд үндэсний цэцэрлэгт хүрээлэнд анхны бие даасан үзэсгэлэн, 2023 оны дөрөвдүгээр сард ХААН банкны галерейд уран бүтээлийн үзэсгэлэнгээ тус тус гаргаж байжээ.
Амьдралын цаг хугацааны туршид шог зургийн сургууль төгсөөгүй хэдий ч сурч хөгжихийн төлөө ажиллаж хөдөлмөрлөж явна хэмээн тэрбээр өгүүлсэн юм. Үзэсгэлэн аймгийн Музей сургалт, судалгааны төвд тав хоногийн турш үргэлжилнэ.