Уэльсийн гүнж Кейт Миддлтон хорт хавдартай гэж оношлогджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-03-23 11:50:18

ЛОНДОН, 2024 оны гуравдугаар сарын 23 /BBC/. Их Британийн хаан ширээг залгамжлагч хунтайж Уильямийн гэргий, Уэльсийн гүнж Кейт Миддлтон хорт хавдартай гэж оношлогдож, эмчилгээ хийлгэж байгаа гэдгээ өчигдөр олон нийтэд мэдэгджээ.


“Нэгдүгээр сард би хэвлийн хөндийн хүнд мэс засал хийлгэсэн, тэр үед хорт хавдаргүй гэсэн дүгнэлт гарсан. Мэс засал амжилттай болсон ч хагалгааны дараах шинжилгээгээр хорт хавдар илэрсэн. Эмч нар маань надад хими эмчилгээ хийлгэхийг зөвлөсөн бөгөөд одоо би эхний шатны эмчилгээ хийлгэж байна” гэж гүнж дүрс бичлэгээр хийсэн мэдэгдэлдээ яриад хорт хавдартай гэдэг оношийг сонсоод маш их цочирдсон гэдгээ хэлсэн байна. 


Гүнжийн биеийн байдал сайн байгаа бөгөөд "бүрэн эдгэрэхэд тус болох зүйлсэд" анхаарлаа төвлөрүүлж байгаа гэж хэлсэн байна. Тэрбээр хурдан эдгэрэхийг хүссэнд британичуудад талархаж байгаагаа илэрхийлээд, эмчилгээгээ тайван дуусгахын тулд гэр бүлд нь "цаг хугацаа, хувийн орон зай" хэрэгтэй байгааг онцолжээ. 


Мэс заслын дараа эдгэрэхэд багагүй хугацаа шаардагдсан ч юу болж байгааг хүүхдүүддээ хэлж тайлбарлаж өгөх зөв үгсийг олоход бүр ч их хугацаа шаардагдсан гэж гүнж нэмж хэлсэн байна. Тэрбээр мөн эр нөхөртөө үргэлж хамт байгаад талархал илэрхийлэв. Тэд 10 настай ханхүү Жорж, 8 настай гүнж Шарлотт, 5 настай ханхүү Луи гэсэн гурван хүүхэдтэй.


Өдгөө 42 настай гүнж Кэтрин өнгөрсөн нэгдүгээр сард хэвлийн хөндийн мэс засал хийлгэсний дараа хоёр сар шахам олны өмнө гараагүй бөгөөд гүнжийн зургийг ч, бичлэгийг ч нийтлээгүй юм. Улмаар Их Британид түүнтэй холбоотой янз бүрийн цуу яриа таржээ. Хоёрдугаар сарын сүүлчээр Уэльсийн хунтайж Уильям өөрийнх нь загалмайлсан эцэг Грекийн хаан II Константины дурсгалыг хүндэтгэх ёслолд оролцохоо эцсийн мөчид "хувийн шалтгаанаар" цуцалсны дараа цуурхал улам газар авсан байна. 

Холбоотой мэдээ