СЭЛЭНГЭ: Ардын хувьсгалын ялалтын уухай хадсан нутаг - Алтанбулаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-03-18 13:18:27

Сүхбаатар, 2024 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. 1921 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Хиагт хотыг гамин цэргээс чөлөөлж, Ардын хувьсгалын анхны ялалтыг байгуулснаар Монгол Улсад Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөн түүхтэй.

 

1921 оны 3 дугаар сарын 13-нд Монгол Ардын Намын Төв хороо, Бүх цэргийн хэргийг Ерөнхийлөн захирах газар, цэргийн анги, хил орчмын газрын төлөөлөгчдийн хурал болж Ардын түр засгийн газрыг байгуулжээ.

 

Энэ үед Ардын түр засгийн газар байгуулсныг Хүрээний засгийн газарт албан ёсоор мэдэгдсэнээр Монголд хоёр засаг тогтож байсан түүхтэй.

 

Хиагтыг чөлөөлөх асуудлыг 1921 оны гуравдугаар сарын 6-7-нд хуралдсан Монгол Ардын Намын Төв Хороо, Цэргийн штабын гишүүдийн хамтарсан хурлаар хэлэлцсэн байна. Ингээд зэр зэвсэг сайтай олон тооны цэрэг бүхий хотыг эзлэн авахад ихээхэн хүндрэлтэй учраас Хятад цэргийн эрх баригчидтай хэлэлцэх аргыг хэрэглэхээр шийдсэн байна.


Уг хэргийг Троицкосавск дахь Зөвлөлт Орос улсын Гадаад хэргийн Ардын комиссариатын төлөөлөгч О.И.Макстенекаар зуучлуулах, хэрэв энэ арга зам бүтэмжгүй болсон нөхцөлд хотыг довтлон авах байлдааны ажиллагаа явуулахаар шийдвэрлэж байжээ.


Энэ шийдвэрийн дагуу Хиагтыг эзлэн авах байлдааны төлөвлөгөөг боловсруулахын хамт журамт цэргүүдийг Алтанбулагаас “Ханын хөндий, Номт, Баян уул зэрэг газарт шилжүүлэн байрлуулж байсан байна.

 

Ийнхүү дээрх хурлын шийдвэрүүдийг бүтээлчээр хэрэгжүүлж, 1921 оны 3 дугаар сарын 18-нд Хятадын гамин цэргүүдтэй байлдан бут цохиж, Ардын хувьсгалыг ялалтад хүргэжээ.

 

Энэхүү Монгол ардын нам, Ардын засгийн газар анх байгуулагдсан, ардын хувьсгалын ялалтын уухай хадсан нутаг нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум юм.

 

Холбоотой мэдээ