Сирийн байдал хурцадсан үед ОХУ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг даргална

Дэлхийд | Улс төр
adiyakhuu@montsame.mn
2016-10-01 17:11:32

НҮБ./TASS/. Өнөөдөр буюу 10 дугаар сарын 1-нээс эхлэн ОХУ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг даргалж байна. Энэ цаг үед Сири дэх нөхцөл байдал хурцдаж, түүнчлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг шинээр сонгох үйл явц шийдвэрлэх шатандаа орлоо.

Орос улсын даргалсан Аюулгүйн Зөвлөлийн эхний хуралдаан 3-ны өдөр болох юм. Энэ өдөр ОХУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Виталий Чуркин хэвлэлийн бага хурал хийж, 10 дугаар сард зохион байгуулах арга хэмжээнүүдийн талаар танилцуулна. Энэ сард Аюулгүйн Зөвлөл нэлээд ачаалалтай ажиллаж, 20 орчим хуралдаан хийх ажээ.

Энэ  сарын хугацаанд Сирийн асуудлаар хоёр удаа уулзалт хийх бололтой байна. Эхний уулзалтаар тус улс дахь хүмүүнлэгийн нөхцөл байдлыг хэлэлцэх бол дараагийн уулзалтын сэдэв нь зэвсэгт мөргөлдөөний явцад химийн бодис хэрэглэсэн эсэх тухай асуудал юм.  

Сүүлийн долоо хоногт Аюулгүйн Зөвлөлийн гишүүн орнууд Сирийн асуудлаар гурван удаа нээлттэй хуралдаан хийсэн байна. Өнгөрсөн ням гарагт Их Британи, АНУ, Францын санааачилгаар Сирийн Алеппо хотод үүссэн нөхцөл байдлыг шуурхай хуралдаанаар авч хэлэлцсэн бол 28-ны өдөр болсон хурлаар зэвсэгт мөргөлдөөний үеэр эмнэлгийн байгууллага болон эмч ажилтнуудыг хамгаалах асуудлыг хэлэлцжээ.

Б.Адъяахүү 

 

 

Холбоотой мэдээ