"Сэр сэр салхи" киноны гол дүрийн жүжигчин Азийн олон улсын наадмын шилдгээр шалгарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-03-11 10:17:56

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Азийн нэр хүндтэй наадамд зүй ёсоор тооцогддог “Asian Film Awards 2024” Хонгкогт энэ сарын 10-нд болж шилдгүүдээ тодруулжээ.


Монгол Улсаас анх удаа “Сэр сэр салхи” уран сайхны киноны ерөнхий найруулагч П.Лхагвадулам “Шилдэг шинэ найруулагч” төрөлд, гол дүрийн жүжигчин Б.Тэргэл “Шилдэг шинэ жүжигчин” төрөлд тус тус нэр дэвшсэн юм. Тэгвэл тус наадмын “Шилдэг шинэ жүжигчин”-ээр Б.Тэргэл шалгарчээ. 


Соёлын яамны харьяа Кино урлагийн зөвлөлийн Кино урлагийг дэмжих сангаас тодорхой хэсэгт санхүүжүүлсэн “Сэр сэр салхи” уран сайхны кино нь найруулагч П.Лхагвадуламын анхны бүрэн хэмжээний уран сайхны кино бөгөөд 80 дахь удаагийн Венецийн олон улсын кино наадмын “Оризонти” хэсэгт шалгарч, шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг Б.Тэргэл хүртэж байв. Мөн 96 дахь удаагийн Оскарын кино наадамд Монгол Улсыг албан ёсоор төлөөлөн оролцох киногоор нэрлэгдсэн юм.

“Сэр сэр салхи” уран сайхны кинонд онгод тэнгэрийн ивээл болон бүдэг бадаг ирээдүйн дунд өөрийгөө хайх 17 настай бөө хүү “ЗЭ”-гийн тухай өгүүлдэг.


Ташрамд дурдахад,  тус кино 19 дэх удаагийн Осакагийн Азийн олон улсын наадмын шилдэг киноны тэргүүн шагналыг энэ өдөр хүртсэн юм. 



Холбоотой мэдээ