ЗАВХАН: Мөсөн болон цагаан зудтай сумдад улсын нөөцөөс дахин үнэгүй тэжээл хүргэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай, 2024 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Завхан аймагт өнөөдрийн байдлаар 45 мянга гаруй мал хорогджээ.
Тус аймаг өвс, тэжээлийн нөөцийнхөө 82 хувийг бэлтгэсэн, өнөөдрийн байдлаар нийт бэлтгэсэн өвсний 1059,1 тонн, тэжээлийн 701 тонныг зарцуулаад байна. Өнгөрсөн долоо хоногт тус аймагт ажилласан Шуурхай бүлэг аймгийн Онцгой байдлын газарт улсын нөөцөөс үнэ төлбөргүй олгосон 400 тонн тэжээлийг хүргэж өгсөн байна.
Өдөр, шөнийн температурын зөрүүгээс шалтгаалж цасан дээр 2-3 см мөсөн үе үүсэж Нөмрөг, Отгон, Тэс, Тэлмэн сумын нутгаар төмөр буюу мөсөн зудтай байна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
Цаг уурын өртөө, харуулын ажиглалтын мэдээгээр, нийт сумын нутгаар 0-24 см зузаан цастай байна.
Хамгийн их нь Тэс сумын нутгаар 24 см зузаан цастай байна.
Өнөөдрийн байдлаар цас ороогүй, хамгийн дулаан нь Ургамал сумын нутгаар -12 градус хүйтэн байна. Отгон сумын нутгаар -38 градус хүйтэн хоносон гэж Завхан аймгийн Ус Цаг уур орчны шинжилгээний газраас нэмж мэдээлэв.
Ташрамд, зудын нөхцөл байдлын мэдээллийг улсын Онцгой комиссын Шуурхай штабаас өдөр бүр мэдээлж байгаа бөгөөд өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд 7 чиглэлд баг ажиллаж, улсын нөөцөөс үнэгүй олгож буй тэжээлийг аймгуудад хүргэжээ.
Цаашид хоёр дахь шат буюу Хүнс хөдөө аж ахуйн корпорацын нөөцөлсөн тэжээлийг мөсөн болон цагаан зудтай байгаа аймаг, сумдад хүргэхээр болжээ.
Тодруулбал, мөсөн зудтай аймгуудад 150 тонн, цагаан зудтай аймгуудад 75 тонн тэжээлийг хүргэх аж.
Завхан аймагт мөн дээрх тэжээлийг хүргэх юм байна.