ЗАВХАН: Дуу гаргадаг уул Биндэрхайрхан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-02-27 16:53:02

Улиастай, 2024 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Цагаанхайрхан сумын тахилгат Биндэрхайрхан уул сонин түүх домогтойгоороо алдартай.
Эрт дээр үеэс тахиж шүтэж ирсэн онгон дагшин уул юм.

Энэ хайрхан Тахилгын 13 овоотой, хажууд нь хиншүү, хярвас үнэртүүлж болдоггүй догшин савдагтай уул аж.

Биндэрхайрхан уулыг баян Намсрай бурхны орон хэмээн нэрийдэж өвлөө даатгаж намар тахидаг байжээ.

Энэ уул нь тусдаа тахилгын судар, сантай төдийгүй хайрханд гарсан мал амьтанд чоно болон араатан амьтан хүрдэггүй, биедээ цус хүргэдэггүй уул гэж нутгийн хөгшчүүд ярилцдаг.


Тэр ч бүү хэл, Биндэрхайрхан уулыг төр эргэхээр дуугардаг уул ч гэж ярьдаг байна. Сонирхуулбал, 1990 оны гуравдугаар сард тэнгэр дуугарч байгаа мэт нижгэнэн дуугарахыг нь хайрханы урд өврөөр өвөлжиж байсан малчин иргэд сонсож, ”Наян Дуутын хүрээ”-нээс номын авшиг хүртсэн нутгийн юм мэдэх хөгшчүүлээс асуухад төр эргэх нь ээ гэж байсан гэдэг.
Ингээд 1990 оны цагаан морин жил төр эргэж байсан түүхтэй аж.

Дээр үед Биндэрхайрханаас хавар болохоор бүрээ бишгүүрийн дуу гардаг байсан гэнэ.

Энэ дууг гарахаар ойр орчимд нь өвөлжиж буй айл өрхүүд хайрхан дуугарч хавар боллоо хэмээн хаваржаандаа бууж саахаа тавьж, адуу малаа дэллэж, хөөвөрлөдөг байсан сайхан уламжлал саяхан хүртэл хадгалагдаж байсан.


Төр эргэх мөчийг “Тэнгэрийн дуу”-гаар мэдээлдэг. “Урин цаг” ирснийг хөгжмийн эгшиглэнт дуугаар ард түмэндээ сонордуулдаг ийм амьд, шидлэг уул юмсанж.
Биндэрхайрхан уулыг шинжихэд олон судартай ном давхарлан хураасан мэт цохиотой, орхимжоо нөмөрсөн хувраг хүн залбирч суусан мэт хэлбэр дүртэй аж.
...Энэ ууланд их хэлмэгдүүлэлтийн үед олон лам хувраг нуугдаж амь гарсан түүх бий. Энэ уулыг хүний хүслийг газар дээр нь биелүүлдэг хайрхан ч гэж ярьдаг.

Хатанбаатар Магсаржавын цэрэг Барон Унгерний цэргийг Завхан гол гаргаж алдчихаад араас нь хөөж явах үед Завхан гол үертэй үе нь таарсан байдаг.


Энэ үед Хатанбаатар Магсаржав Биндэрхайрханаас ирж Чи онгон дагшин юм бол усаа тат гэж хашгирч хэлчихээд буцаж очих үед Завхан гол тасартлаа татарсан байсан гэсэн домог яриа байдаг.

Биндэрхайрханыг тойрсон, Чандмань, Цул, Поврон, Алтан тэвш гэсэн бэсрэгхэн таван уул бий. Эдгээр уулс бүгдээрээ содон сонин тогтоцтой, үүх түүхтэй гэж нутгийн буурлуудын хууч ярианаас сийрүүлэв.

Холбоотой мэдээ