Азийн сангийн Суурин төлөөлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Сара Тэйлорыг хүлээн авч уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны хоёдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат өчигдөр Монгол Улс дахь Азийн сангийн Суурин төлөөлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Сара Тэйлор, Азийн сангийн Засаглалын хөтөлбөрийн захирал Г.Халиунгоо болон “Монгол Улсад хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийг бэхжүүлэх нь” төслийн зохицуулагч Л.Дэлгэрмаа нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат, Азийн сан нь Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойших 30 гаруй жилийн хугацаанд засаглалыг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг сааруулах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах, авлигатай тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр үр дүнтэй ажлуудыг зохион байгуулж ирсэнд талархал илэрхийллээ. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Азийн сантай хамтран 2017 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар анхдугаар Зөвлөлдөх санал асуулгыг амжилттай зохион байгуулсныг дурдаад улмаар 2021 онд тус сантай Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, иргэдэд парламентын боловсрол олгох, Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх, парламентын ил тод, нээлттэй байдлыг хангах чиглэлээр үр дүнтэй ажлуудыг хамтран хэрэгжүүлснийг онцлон тэмдэглэв.
УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат, Азийн сантай цаашид хамтран ажиллах үйл ажиллагаагаа парламентын нээлттэй, ил тод байдлыг бэхжүүлэх, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны ирц, санал хураалтын мэдээллийг иргэдэд нээлттэй, хүртээмжтэй байдлаар хүргэх цахим системийг бүрэн ашиглалтад оруулах, Монгол Улсын Их Хурал Олон Улсын Парламентын Холбоотой хамтран Улсын Их Хурлаас баталж буй хууль тогтоомж, түүний үйл ажиллагаа хүний эрх, жендэрийн шалгуурыг хэрхэн хангаж байгаа талаарх өөрийн үнэлгээнээс гарсан үр дүнг хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Монгол Улс дахь Азийн сангийн Суурин төлөөлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Сара Тэйлор, Азийн сан, Улсын Их Хурлын Тамгын газар өнгөрсөн хугацаанд нягт хамтран ажиллаж, Азийн сангийн үйл ажиллагааг дэмжиж ирсэнд талархал илэрхийлээд Азийн сангийн зүгээс Улсын Их Хурлын Тамгын газартай байгуулсан Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хэрэгжсэн ажлуудыг өндрөөр үнэлдэг бөгөөд цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Тэрбээр, Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжиж, ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш анх удаа Улсын Их Хурлын гишүүдийнхээ тоонд өөрчлөлт оруулж, Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар 126 гишүүнийг сонгох түүхэн сонгууль удахгүй болох гэж байна. Энэ цаг үед Улсын Их Хурлын Тамгын газар бэлтгэл ажлыг хангах улмаар шинэ бүрэлдэхүүнтэй Улсын Их Хурал бүрдсний дараа шинээр дэвшүүлж буй бодлого, дүрэм журмыг хэрэгжүүлэхэд том сорилт тулгарна. Иймд энэ чиглэлд Азийн сан бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллах болно гэлээ.
УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат, удахгүй болох Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар 126 гишүүн бүхий парламент бүрэлдэж, Монгол Улс парламентын ардчиллын хувьд цоо шинэ үеийг эхлүүлнэ. Ийм цаг үед Азийн сангийн дэмжлэг, санал, зөвлөгөө манай улсын парламентын өөрчлөлт, шинэчлэлтэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.