ЗАВХАН: Нутгийнхаа онцлогийг шингээсэн лого бүтээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-02-17 17:42:48

Улиастай, 2024 оны хоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн говийн бүсэд орших Дөрвөлжин сум энэ жил түүхэн 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Тус сум тэгш ойдоо зориулан нутгийнхаа онцлогийг харуулсан логотой болжээ.


Тухайлбал тус сум нь аймгийнхаа говийн бүсэд оршдог төдийгүй Их Монголын элс, Завхан голын эрэг дээр байрладаг.

Мөн тахь өсгөн үржүүлж буй тахийн уугуул нутаг, аймгийнхаа хамгийн олон тэмээтэй, байгалийн зэрлэг чацаргана, суль сулхирын өлгий юм.


Тэгш ойн логоны үндсэн санааг 100 жилийг цифрээр дүрсэлж, сумынхаа газар нутгийн хилийн цэс, нар, сар, үүл, салхи, тахийн уугуул нутаг Хомын тал, элсэн манхан, Завхан голыг дүрсэлсэн дүрсийг шигтгэж өгсөн.


Мөн Жалханз хутагтын хойд дүр Данзэнчойжийванчүгийг бэлгэдэж алга хавсран залбирч буй дүрслэл, хадны сүг зураг, Сартуулын шүтээн Сар хайрхан, тахь, суль, сулхирыг дүрсэлж оруулснаараа тус лого утга төгөлдөр бэлгэдэл болсон.


Энэхүү логог бид 100 жилийн ойн баяр наадмын бүхий л үйл ажиллагаанд ашиглахаас гадна, нутгийн брэнд бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын зүйлсэд хэвлэж сурталчлах юм гэж Дөрвөлжин сумын ЗДТГ-аас мэдээлэв.


Дөрвөлжин сумын уг үүтгэл болох Сарт гол Сэцэн вангийн хошуу нь Манжийн эрхшээлийн үед Халхын өрнө замын зүүнгарын зүүн этгээдийн хошуу, Богд хаант Монгол Улсын үед Сэцэн засгийн хошуу, Хантайшир уулын аймгийн Сэцэн Сарт уулын хошуу гэх зэргээр нэрлэгдэж байсан аж.


Цэцэн Сарт-Уулын хошууны Дөрвөлжин, Буурал сумыг нэгтгэн Таван толгойд найман баг, 265 км нутагтай, анхны хоршооны салбар нэгтэйгээр байгуулан сумын даргаар Жавзанжав гэх эмэгтэй, нарийн бичгийн даргад Б.Довчин, бичээчээр Г.Довчинжамц нарыг сонгожээ.

Энэ үед сум нь найман баг, 500 шахам өрх, 1500 орчим хүн ам, 60-аад мянган малтай байв.

Өдгөө Дөрвөлжин сум нийт 7.3 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй, таван багтай, 2200 гаруй хүн амтай.

Тус сум нь уур амьсгалын хувьд эх газрын эрс тэс уур амьсгалтай, өвлийн улиралд дунджаар 35-40 градус хүйтэн, зуны улиралд дунджаар 30-35 градус дулаан, ихэвчлэн хуурай уур амьсгалтай.



Тус сумын нутагт Дааган дэл, Шүүт, Аргалын ар, Бүрчигтий, Их бага Буурал, Талын хар, Хангай уул, Баян айраг, Баян улаан, Зүр, Буга зэрэг уул толгод, Хом, Сарын тал гэсэн өргөн хөндийтэй.

Завхан гол, Хар нуур, Дөргөн нуур, Бага нуур зэрэг нуур цөөрөм, Хар ус, Шар булаг, Цагаан ус, Сан, Бага нуур зэрэг булаг шандтай. 

Янгир, цагаан зээр, хар сүүлт, зэгсний гахай, аргаль, ондатор, суусар, ёл, хойлог, тоодог, тогоруу, тас, үрэвтас, хун, хотон зэрэг ховор ан амьтдын өлгий нутаг юм. 


Холбоотой мэдээ