ДОРНОД: Мэнэнгийн отрядын дэргэд малчдад үйлчлэх ШТС ажиллуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-02-14 11:53:01

Чойбалсан, 2024 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Онцгой комисс ХХБ-тай зөвшилцсөнөөр Мэнэнгийн отрядын дэргэд малчид, оторчдод үйлчлэх ШТС ажиллуулж байна. Тодруулбал, хилийн 0306 дугаар ангийн албандаа ашигладаг шатахууны саванд дизель түлш, АИ-92 бензин нөөцөлж, зах зээлийн үнээр нийтэд үйлчлэх зохицуулалт хийжээ.


Түүнчлэн өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор байгуулсан отрын штабуудыг ирэх сарыг дуустал ажиллуулахаар шийдвэрлэв. Мөн Баянтүмэн, Булган, Матад, Хэрлэн, Хөлөнбуйр сумын хамтарсан Отрын хээрийн штабыг Мэнэнгийн талд хоёроос гурван байршилд нэмэлтээр байгуулж байгаа юм. Хүн эмнэлэг, мал эмнэлэг, цагдаа, байгаль орчны байгууллагаас малын эрэлд явж буй иргэд, малчдад төрийн үйлчилгээ үзүүлж байна. 


Өнөөдрийн байдлаар Мэнэнгийн талд Сүхбаатар аймгийн зарим сум, Дорнод аймгийн дөрвөн сумын 40-50 мянган толгой мал отроор болон шуурганд уруудан өвөлжиж байна. 

Холбоотой мэдээ