Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-09-29 09:31:24
oyuka_hu@yahoo.com

Ирэх сарын 19-нд болох Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авлаа. Орхон аймгийн Баян-Өндөр сумын ИТХ-ын сонгууль нь 22 тойрогт 31 мандаттай. Тус сумын ИТХ-ын сонгуульд улс төрийн гурван намаас 73 хүнийг нэр дэвшигчээр бүртгэжээ. Тодруулбал, МАН, АН тус бүрээс 31, МАХН-аас 11 хүн өрсөлдөнө.

Мөн зургаан хүн бие даан нэр дэвшихээр болж үнэмлэхээ гардан авлаа. Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа ирэх сарын нэгнээс эхэлнэ. “Сонгуулийн санал хураалт явагдах өдөр Баян-Өндөр сумын хэмжээнд 40 хэсгийн хороо буюу санал авах байр ажиллана” гэж тус сумын Сонгуулийн хорооны дарга ярьлаа.

Жаргалант сумын хувьд ИТХ-ын сонгууль нь 3 тойрогт 21 мандаттайгаар  явагдана. Тус сумын Сонгуулийн хороо  44 нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардууллаа. Дээрх 44 хүний 21 нь МАН-аас, 21 нь АН-аас нэр дэвшиж байна. Орхон аймгийн Баян-Өндөр суманд сонгуулийн насны 65 мянга 122 хүн амьдарч байгаа бол Жаргалант суманд 2718 хүн амьдардаг юм. Мөн хоёр сумын Сонгуулийн хороо тус бүр 9 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ