Toyota компани автомашины борлуулалтаар дахин тэргүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2024-01-30 14:28:41

ТОКИО, 2024 оны нэгдүгээр сарын 30 /Kyodo/. Японы автомашин үйлдвэрлэгч Toyota Motor компани 2023 онд автомашины борлуулалтаар бусад үйлдвэрлэгчдийг дахин ардаа орхилоо. Тус компани чипний хомсдол арилахтай зэрэгцэн үйлдвэрлэлээ нэмэгдүүлснээр борлуулалтын хэмжээгээр дөрөв дэх жилдээ дараалан тэргүүлжээ.


Toyota өнгөрсөн онд дэлхийн хэмжээнд хамгийн олон буюу 11.23 сая ширхэг автомашин борлуулсан нь өмнөх оныхоос 7.2 хувиар өссөн байна. Үүнд тус группын жижиг машин үйлдвэрлэгч Daihatsu Motor, ачааны машин үйлдвэрлэгч Hino Motors-ын үйлдвэрлэсэн автомашинууд багтжээ.


Харин Германы Volkswagen компани 2023 онд 9.24 сая автомашин борлуулсан байна. Toyota-гийн хувьд өмнөх дээд үзүүлэлтэд 2019 онд хүрч, 10.74 сая автомашин борлуулж байв. Тус компани өнгөрсөн онд нийтдээ 11.52 сая автомашин үйлдвэрлэсэн нь 8.6 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд  Япон, Хойд Америк, Европт эрэлт нэмэгдсэн нь үүнд нөлөөлжээ.


Toyota дангаараа дэлхий даяар 10.31 сая автомашин борлуулсан нь өмнөх оныхоос 7.7 хувиар өссөн бол үйлдвэрлэл нь 11.1 хувиар өсөж, 10.03 саяд хүрсэн байна. Ингэснээр тус компанийн эдгээр үзүүлэлт түүхэнд анх удаа 10 саяын босгыг давжээ.

Холбоотой мэдээ