СЭЛЭНГЭ: Багийн Засаг дарга нар сургалтад хамрагдав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2024 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ЗДТГ-аас Удирдлагын
академитай хамтран багийн Засаг дарга нарт зориулсан “Иргэн
төвтэй хөгжлийн төлөө” сэдэвт богино хугацааны зорилтот сургалтын үеэр Мандал
сумын Баянсуудал 3-р багийн Засаг дарга Б.Бат-Эрдэнэ, Шаамар сумын 3-р багийн
Засаг дарга бөгөөд Дулаанхан тосгоны захирагч Ж.Ганболд нартай ярилцлаа.
Мандал сумын Баянсуудал 3-р багийн Засаг дарга Б.Бат-Эрдэнэ: Иргэдэд хэрэгтэй, хүртээмжтэй асуудлыг шийдвэрлэх нь багийн Засаг даргын үүрэг юм болов уу
-Сургалтын талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Би
ажлаа аваад нэг жил болж байна. Энэ хугацаанд энэ сургалт эрт болж байхгүй
яав аа гэж бодоод сууж байлаа. Сургалт маш их өгөөжтэй, хүртээмжтэй, маш их
мэдлэг мэдээлэл олж авсан сургалт болсон. Миний хувьд иргэдтэйгээ их ойрхон
ажиллая гэж боддог, хичээдэг.
-Анхан
шатны нэгж байгууллагыг удирдаж яваа хүний хувьд юуг эрхэмлэдэг вэ?
-Миний хувьд
жижиг гэлтгүй иргэдэд хэрэгтэй, хүртээмжтэй асуудлыг шийдвэрлэх нь багийн
Засаг даргын үүрэг юм болов уу гэж боддог. Эдгээр нь энгийн юм шиг ч гэсэн
иргэдэд маш их тулгамдсан асуудал байдаг.
Хүн
харахад энгийн мөртөө иргэдэд хүртээмжтэй ажлыг хийе гэсэн төлөвлөгөөтэй
байдаг. Хийж байгаа ажлаа ч аль болох улсын төсөв харахгүйгээр, нийгмийн
хариуцлагын хүрээнд хийхийг хичээдэг.
-Танай
багаас санаачлан сумандаа явган хүний зам тавьсан ажил тань сайн туршлагаар
яригдаж байсан. Танай баг хэчнээн хүн амтай вэ?
-Ажлыг
хэтэрхий том бүтээн байгуулалтаар байшин, зам барих ч гэх юм уу, ингэж
харахгүйгээр иргэдэд яг тулгамдаж байгаа асуудлыг олж хараад, иргэдийн
бухимдлыг арилгахын төлөө зөв байх, зөв хүн байхыг л хичээж ажиллаж байгаа. Бид
нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдийн болон ойр орчмын байгууллагын ажилтнуудын
хүчээр сургуулийн орчинд явган замын гэрэлтдэг гарц хийсэн. Нийгэмд хэрэгтэй,
иргэдэд тустай ажилд хүмүүс сайн уриалаад өгөх юм бол дэмждэг.
Манай
баг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудал 3-р баг, 4400 гаруй хүн амтай.
Шаамар сумын 3-р багийн Засаг дарга бөгөөд Дулаанхан тосгоны захирагч
Ж.Ганболд:
Олж авсан мэдлэг мэдээлэл, арга барилаа иргэдэд хүргэж, ажилдаа хэвшүүлж
ажиллана гэдэг л маш чухал
-Та олон жил багийн Засаг даргаар ажилласан. энэ удаагийн
сургалтаас юу олж харав. Сэтгэгдлээ хуваалцахгүй?
-Багийн
Засаг дарга нарт өнөөдөр сургалт бол ус агаар мэт хэрэгтэй байгаа. Иргэд,
төрийг холбож байгаа гол хүмүүс бол төрийн анхан шатны байгууллага болсон
багийн Засаг дарга нар байдаг. Иймд энэ хүмүүсийг мэдлэг чадвартай байлгах
үүднээс чадавхжуулах сургалт ус агаар мэт хэрэгтэй л дээ.
Миний
хувьд цаг үеийн тухайд жаахан оройтож хийгдэж байна уу гэж бодож байна. Би 19
жил багийн Засаг даргаар ажиллаж байгаа болохоор урд нь олон сургалтад хамрагдаж
байсан.
Өнөөдөр
харж байхад миний таньж байгаа багийн Засаг дарга нар 10-аад л хүн байна. Үлдсэн
60-70 хувь нь шинэчлэгджээ. Сонгуулийн циклтэй холбож орон нутгийн сонгууль
явсны дараагаас 2 сарын дараа ч юм уу, ийм сургалтыг авч байвал өгөөж нь арай
илүү болох болно. Одоо удахгүй 2024 оны сонгууль болно, дуусаж байгаа үед нь боллоо.
Тэгэхээр энэ сайхан хөрөнгө хүч зараад явуулсан сургалт сонгуулийн өөрчлөлтөөр
40-50 хувь нь шинээр сонгогдоно. Ингэж олж авсан мэдлэг мэдээллээ арга
барилаа иргэдэдээ хүргэж, ажилдаа хэвшүүлж ажиллана гэдэг л маш чухал юм.
-Тэгэхээр
таны хувьд багийн дарга нарыг шинэ үед нь сургалт хийвэл илүү үр дүнтэй болно
гэж бодож байгаа юм байна?
-Тийм
шүү. Шинээр сонгогдсон багийн Засаг дарга нарт үнэхээр их хэрэгтэй сургалт.
Төсөл боловсруулах, төрийн хууль тогтоомжийн захирамж гаргах, төрийн хуулийг
хэрэгжүүлэх, энэ арга барилд суралцахад манай залуу боловсон хүчинд маш
хэрэгтэй.
Залуу
боловсон хүчин болсон эдгээр залуус хэдийгээр их, дээд сургууль төгссөн
боловсролтой ч төрийн ажлыг амархан
хийчихдэг ажил биш. Тиймээс энд тодорхой хэмжээгээр дадлага, туршлагад сургах,
мэргэшихэд энэ сургалт ихээхэн өгөөжөө өгөх сургалт болно.
Манай
аймаг сургагч багштай болж байгаа юм байна. Энэ бол цаашдаа аймагтаа төдийгүй
орон нутагт ажлын байран дээр очоод зохион байгуулах боломж бүрдэж байгаа аж. Олон төрөл хэлбэрээр сургалт маш сайхан боллоо.