Куба Улсаар дамжин АНУ руу хил давахад зуучилна гэсэн мэдээлэлд хууртахгүй байхыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-01-16 14:19:22

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Сүүлийн үед манай улсын иргэд Бүгд Найрамдах Куба Улсаар дамжин АНУ руу хууль бусаар нэвтрэх гэсэн оролдлого хэд хэдэн удаа гарч, тус улсын хил дээр саатуулагдсан тохиолдол бүртгэгдсэн байна.


Тухайлбал, манай улсын иргэд Улаанбаатар-Истанбул-Хавана чиглэлийн нислэгээр Кубад ирж, "АНУ руу завиар гаргана" гэх хууль бусаар хүн зөөвөрлөдөг иргэдэд хууртагдаж хил давах гэж байгаад баригдсан тохиолдол гарч, тус улсын холбогдох хуулийн дагуу гадаадын иргэдийг түр саатуулах газарт саатуулагдаж улмаар албадан буцаагдсан аж. Мөн энэ оны нэгдүгээр сарын 10-нд Улаанбаатар-Москва-Хавана чиглэлийн нислэгээр Куба Улсад ирсэн иргэд нэг талын онгоцны тийзтэй, аяллын зорилгоо тодорхойлж чадахгүй байсан тул хил дээр саатуулагдаж, албадан буцаагдсан байна. Иймд Куба Улс руу болон тус улсаар дамжин бусад улс руу зорчихоор төлөвлөж буй иргэд буцах нислэгийн тийзтэй байх, зочид буудлын захиалга хийж баталгаажуулсан эсвэл тодорхой хаягтай байх, аяллын зорилгоо сайтар тодорхойлох зэрэгт анхаарах шаардлагатай.


Үүний зэрэгцээ "Куба Улсаар дамжин АНУ-ын хил давахад зуучилна" гэсэн мэдээлэлд хууртахгүй байж, хууль бус үйл ажиллагаанд өртөхгүй байхыг ГХЯ-наас сэрэмжлүүллээ.

Холбоотой мэдээ