ХӨВСГӨЛ: Он солигдох мөчид тодорсон 9 алдартан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-01-02 12:32:38

Мөрөн, 2024 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Хөвсгөлийнхөн шинэ оны баяраа Чингүнжавын талбайд хамтдаа тэмдэглэж 9 алдартнаа тодрууллаа.


Эрүүл мэндийн салбарын шилдэг ажилтнаар Хавдрын эмч Т.Цэрэнсүрэн тодорлоо.




2001 оноос одоог хүртэл Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн хавдрын тасгийн эрхлэгч, их эмчээр ажиллаж байгаа тэргүүлэх зэрэгтэй эмч Т.Цэрэнсүрэн нь 22 жил хүн ардад хавдрын тусламж, үйлчилгээг тасралтгүй үзүүлж байна.


Хавдрыг оношилж, орон нутагтаа аймгуудаас анх удаа хавдрын мэс заслын тусламж үйлчилгээг чанартай хийж байгаа юм.




Соёл спортын салбарын шилдгээр шалгарсан Цагааннуур сумын 12-р ангийн сурагч Т.Отгонжаргал Жүдо бөхийн Залуучуудын зүүн Азийн наадмын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, Өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах  тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. 


Мөн Улсын аварга шалгаруулах тэмцээний жүдо бөхийн 4 удаагийн, самбо бөхийн 3 удаагийн Улсын аварга, Азийн нээлтэй  “Хүч сар” тэмцээнээс алтан медаль авсан амжилтуудаараа шалгарсан байна.


Боловсролын салбарын шилдгээр Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн захирал Б.Гантулга шалгарлаа. 



1998 оноос Бүрэнтогтох сумын 10 жилийн сургуульд багшилж, ажлын гараагаа эхэлснээс хойш математикийн багш, сургалтын менежер, сургуулийн захирлаар нийт 25 дахь жилдээ ажиллаж байна.


Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн 2023 оны амжилтаас товч дурдвал Олон улсын Эко сургуулийн Ногоон тугийг 2 дахь удаагаа баталсан.                       


Хичээлийн судалгаагаар аймагтаа болон улсдаа тэргүүлэгч, хичээлийн судалгааны түшиц сургууль, Улсын олимпиадын 2, 3-ын даваанаас Дэлгэрмөрөн цогцолбор сургууль 80 медаль хүртсэн.


Улсын шилдэг илтгэлийн уралдаанаас багш нарын баг мөнгөн медаль хүртсэн. Байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээр 1-р

түвшинд үнэлэгдэж, Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн 100 жилийн түүхт ойг 100 бүтээлч ажил өрнүүлж угтсан байна. 


Хууль хяналтын салбарын шилдэг ажилтнаар шалгарсан Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын захирагч дэд хурандаа Н.Мягмарсүрэн



Онцгой байдлын газарт 29 жил ажиллахдаа гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар 204 удаа, 535 хоног үүрэг гүйцэтгэж, 154 хүний амийг аварч, 272 буцалтгүй нэрвэгдэгчийг эрүүл мэнд, хууль хяналтын байгууллага, ар гэрт нь хүлээлгэн өгч, 1,675,120,000 төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.


2023 онд нуурын мөсөн дээгүүр зорчиж яваад мөс цөмөрч живсэн 2 иргэнийг уснаас эсэн мэнд аварч, машиныг татан гаргасан.


Мөн Сэлэнгэ мөрөнд урссан ОХУ-ын 4 иргэний амийг авран хамгаалж ажилласан тул Хууль хяналтын салбарын 2023 оны алдартнаар шалгарсан байна.


Дэд бүтцийн салбарын шилдэг ажилтнаар "Хүслэнт бүтээмж" ХХК-ийн захирал С.Бямба-Очир

           

"Хүслэнт бүтээмж" ХХК-ийн захирал С.Бямба-Очир 2009 онд "Хүслэнт бүтээмж" ХХК-ийг өөрийн хөрөнгөөр үүсгэн байгуулж автозам төмөр замын салбарт нийт 24 жил ажиллаж байна.


Хөвсгөл аймагт Сод-Эрдэм сургууль Бүрэнхаан чиглэлд хатуу хучилттай авто зам 1,1 км зам барьсан .


Мөн Хөвсгөл аймагт зам сэтэлгээний ажил цагаан зураас тэмдэг тэмдэглэгээ хийх, замын нөхөөс тавих зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн байна.




Бизнесийн салбарын шилдэг ажилтнаар "Хөвсгөл Титаник" компанийн захирал Г.Лхагвасүрэн шалгарлаа.

 

Г.Лхагвасүрэн нь 1993 онд гэр бүлийн хамт "Марал" хувиараа эрхлэх аж ахуйг байгуулж, 2004 онд "Хөвсгөл Титаник" ХХК болон өргөжиж одоо 100 гаруй нэр төрлийн талх гурилан бүтээгдэхүүн ба хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 110 хүнийг байнгын ажлын байраар ханган ажиллаж байна.


Олон улсын чанарын менежментийн тогтолцооны шаардлага хангасан шинэ амт шилдэг технологийг Хөвсгөлдөө нэвтрүүлэгч, хүнсний манлай үйлдвэр болжээ.


Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын шилдэг ажилтнаар "Аз тулгатан хаатууд" ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Ганчимэг шалгарлаа.




2021 оноос Хөвсгөл аймгийн Мөрөн суманд хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж “Аз тулгатан хаатууд” ХХК-ийг үүсгэн байгуулан ажиллаж байна. 


Тус компани нь 3 хүнийг тогтмол ажлын байраар хангаж, 13 дугаар хорооны амьдралын түвшин доогуур 8 өрхийг орлогыг нь нэмэгдүүлэн дэмжин ажиллаж байна.




Хөдөө аж ахуйн салбарын шилдэг ажилтнаар Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Я.Эрхэмбаяр тодорлоо. Тэрбээр 32  жил тасралтгүй хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байна.


Энэ онд "Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2023" нэгдсэн үйл ажиллагаа, "Органик мах Хөвсгөл экспо 2023", мах махан бүтээгдэхүүний экспортыг хөгжүүлэх боломж хэлэлцүүлэг, хоймор нутгийн малчдын зөвлөлдөх уулзалтыг амжилттай зохион байгуулжээ.


Төр захиргаа санхүүгийн салбарын шилдэг ажилтнаар Шинэ-Идэр сумын ЗДТГ-ын дарга Л.Амгаланбат шалгарлаа.


Л.Амгаланбат 1993 оноос одоог хүртэл Шинэ Идэр сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байна.


Төрийн албанд 35 жил, үүнээс тухайн албан тушаалд 30 жил ажиллаж байгаа мэргэшсэн төрийн захиргааны албан хаагч юм.


Шинэ-Идэр сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллах хугацаанд тус сум нь ажлын үнэлгээгээрээ аймагтаа эхний 5 байрт тогтмол шалгарч ирсэн ажээ.


Холбоотой мэдээ