Сэргээгдэх эрчим хүчийг хэрэглээнд нэвтрүүлэх туршилтын төсөл хэрэгжүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-12-15 14:03:36

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Азийн сан, “URECA” ХХК, “Гэр өргөө” ТББ хамтран нийслэлийн гэр хорооллын яндангийн тоог бууруулахаар айл өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжүүлэх туршилтын төсөл хэрэгжүүлж байна.


Төслийн хүрээнд айл өрхүүдийн дулаан, цахилгааны эх үүсвэрийг сэргээгдэх эрчим хүч ашиглан шийдэхийн зэрэгцээ дулаалга хийснээр тухайн айл зуух, түлшний хэрэглээг халж, агаарт ялгарах бохирдол, хүлэмжийн хийг бууруулах юм. Төсөлд хамрагдсан таван айлын гишүүдтэй Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Азийн сан, “URECA” ХХК, “Гэр өргөө” ТББ-ын төлөөлүүд уулзлаа. Ингэхдээ өрх толгойлсон эмэгтэйчүүдийг дэмжих бодлого хэрэгжүүлж байгааг албаныхан онцолсон юм.


Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг, “Ирэх онд 75-100 айлыг төсөлд хамруулж, яндангүй болгон, цэвэр эрчим хүч рүү шилжүүлнэ. Хүлэмжийн хийг бууруулах төслүүд олон улсад сайн дурын зах зээлд оролцох боломжтой байдаг. Гэсэн ч манай улсад аль төслийг хэрхэн тооцох, үүнтэй холбогдох харилцааг зохицуулах хууль, эрх зүйн орчин хараахан бүрдээгүй тул хуулийн төсөл боловсруулж байгаа” гэв.


“URECA” ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Э.Орчлон, “Төсөлд хамрагдсан айлуудын зуухны хэрэглээг халж, нарны панел, батарей хураагуур ашигласан системд үндэслэн цахилгаан халаагуур нэвтрүүлсэн. Системд ухаалаг мэдрэгч суурилуулсан тул эрчим хүчээ хаанаас авч буйг, хүлэмжийн хийн ялгарал буурч буй хэмжээг тооцох боломжтой. Үүнийгээ карбон кредитээр баталгаажуулж, арилжаалж болно. Тухайлбал, туршилтын төсөлд хамрагдсан нэг айл 7 сарын хугацаанд хүлэмжийн хийн ялгарлаа 5-10 тонноор багасгасан. Эрчим хүчний системээ аль болох өртөг багатай суурилуулсны дараа тухайн айл карбон кредитийнхээ орлогоор хоёр жилд эргэн төлөх боломжтой байхаар ажиллаж байгаа. Ирэх онд төслөө хэрэгжүүлэхдээ цахилгаан хураагуур нь тоггүй болсон ч 6 цагийн хугацаанд дулаанаа барьдаг технологи нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Оргил ачааллын үед эрчим хүчний системд ачаалал учруулахгүй байх үүднээс нарны панел, батарей хураагуурыг ашиглаж байгаа хэмээлээ.


Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжсэнээр нэг айл жилд ялгаруулдаг байсан хүлэмжийн хийгээ 15-20 тонноор бууруулж, нүүрс, түлшний хэрэглээгээ халах боломжтойг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.

Холбоотой мэдээ