ХОВД: Баруун бүсийн 200 гаруй хоршоологч зөвлөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-12-09 13:13:36

Жаргалант, 2023 оны арванхоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Баруун бүсийн таван аймгийн 200 гаруй хоршоологч, малчдын төлөөллийг хамруулсан “Баруун бүсийн үйлдвэржилт ба хоршоод” сэдэвт зөвлөгөөнийг Ховд аймагт зохион байгууллаа.

Энэ сарын 7, 8-нд болсон тус зөвлөгөөний явцад цаг агаарын гамшигт үзэгдлийг хамтын хүчээр даван туулах арга зам, нөлөөлөлд суурилсан зудын эрсдэлийн урьдчилсан мэдээлэлд тулгуурлан төлөвлөлт хийх аргачлалын талаар хэлэлцэж байна.


Түүнчлэн цас, зуд, шороон шуурганы урьдчилсан мэдээг малчдад хэрхэн шуурхай хүргэх талаар мэдээлэл солилцож, малчдын бүлэг, хоршоодын давуу тал, дэмжлэг, тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, шинэлэг боломжуудыг эрэлхийлэв.

Өнөөдрийн байдлаар баруун бүсийн хэмжээнд 1200 гаруй хоршоо бүртгэлтэй байгаагаас 500 орчим  хоршоо нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.


Харин Ховд аймгийн тухайд 278 хоршоо бүртгэлтэй байгаагаас хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт 100 орчим хоршоо одоогоор тогтвортой ажиллаж буй.   


Эдгээр хоршооны үйл ажиллагааг өргөжүүлэх, тогтмолжуулах, хамтын ажиллагааг сайжруулах, төрөөс үйлдвэр, хоршооны талаар баримталж буй бодлого, хууль тогтоомжийг сурталчлахад дээрх зөвлөгөөний нэг зорилт чиглэж байлаа.

Хоршоодод тулгамдаж буй нийтлэг асуудал бол зээл, санхүүжилт юм. Мөн хоршооны гишүүдийн идэвх сул, ажлын байраа өргөжүүлэхэд тоног төхөөрөмж дутагдалтай байгаа, бүтээгдэхүүний тээвэрлэлт, борлуулалт тааруу зэрэг нь хоршоо тогтвортой үйл ажиллагаа явуулахад сөрөг нөлөө үзүүлж байна гэж зөвлөгөөнд оролцогчид хэллээ.

Иймээс цаашид хоршоодын үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах, санхүүжилтийг нэмэгдүүлэх, хоршооны удирдлага, гишүүдийн чадавхжуулах чиглэлд анхаарч ажиллана гэж орон нутгийн удирдлагууд онцоллоо. Мөн аймаг, сум тус бүрт нэг загвар хоршоо бий болгож, сайн туршлагыг нь түгээн дэлгэрүүлэх замаар бусад хоршооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна.


Ховд аймаг 2023 онд хоршоо хөгжүүлэх сангаас долоон сумын иргэн, аж ахуйн нэгж, хоршоонд 670 гаруй сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож байсан. Мөн жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх сангаас долоон аж ахуйн нэгж, хоршоонд 634.4 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ.  


Харин олон улсын төсөл хөтөлбөрийн байгууллагаас 12 иргэн, аж ахуйн нэгж,  хоршоонд 130 орчим сая төгрөгийн тоног төхөөрөмж, тэтгэлэг олгосон байна.  


Тэгвэл 2024 онд жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх сангаас хоршоологчдод зориулан нэг тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох төлөвлөгөөтэй байгаа ба "Залуу малчин" хөтөлбөрт 500 сая төгрөг, "Ботго бойжуулах" хөтөлбөрт 75 сая төгрөг тус тус баталж, хоршоодыг санхүүжилтээр дэмжих боломж бүрдүүлж байна.  

 

Бүсийн зөвлөгөөнд оролцогчид зургаан сэдвийн хүрээнд салбар хэлэлцүүлэг өрнүүлж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр зөвлөмж гаргалаа. Мөн хошоод төр, төсөл хөтөлбөрийн байгууллагатай хэрхэн үр дүнтэй хамтарч ажиллах талаар ярилцаж, хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 


Мөн Монголын хөдөө аж ахуйн Хоршоологчдын үндэсний холбоо нь "Шинэ Ховд" баруун бүсийн хөгжлийн корпорацтай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх, кластераар хамтран ажиллах, түүхий эдийн чанар, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлэхэд малчин, хоршоод, үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааг бий болгох, хөгжүүлэх зорилгоор гэрээ байгуулав. 

Холбоотой мэдээ