Олборлох салбарт гэрээ хэлэлцээр бус хууль тогтоомж илүү давуу эрхтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
192@montsame.mn
2023-12-07 15:46:03

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Олборлох салбарын ил тод байдал зөвхөн хууль эрх зүйгээр хангагдана гэдгийг Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн зохицуулагч менежер Н.Дорждарь тодотгон хэлж байна.


Уул уурхай, олборлох салбарын үйлдвэрлэлийг зохицуулж буй хууль тогтоомж болон гэрээ хэлэлцээр хоёрын хоорондын ялгаа, давуу эрхийн талаар тодруулахад тэрбээр, ямар ч нөхцөлд хууль давуу эрхтэй байх ёстойг онцлон хэлсэн юм. Учир нь уул уурхайн төслүүдийн гэрээг тухайн улсын хууль тогтоомжид захирагдан байгуулж, түүний хүрээнд тайлбарлан хэрэгжүүлдэг.


Хэрэв гэрээ болон холбогдох хуулийн хооронд маргаан зөрчил гарвал Ашигт малтмалын тухай хууль, мөн Ашигт малтмалын татварын тухай хуулийн дагуу дагаж мөрдөнө. Байгалийн баялгийн тунхаг бичигт энэ талаар:

  • Уул уурхай, эрдэс баялгийн нөхцөлүүдийг аль болох боломжит хэмжээнд хууль тогтоомжид тодорхой тусган, нарийвчлан үзэх боломжтой байлгах,
  • хуулийн стандарт нөхцөлөөс хазайсан аливаа гэрээ, хэлэлцээг хууль тогтоох байгууллагад өргөн мэдүүлэн, батлуулж байх ёстойг заасан байна.



Байгалын баялгийн засаглалын хүрээлэнгээс хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад анхаарч үзэх зөвлөмжийг өмнө нь гаргасан талаар мэдээллээ.



Н.Дорждарь өнөөдөр “Пума имперал” зочид буудалд болсон “Олборлох салбарын гэрээний мониторинг ба ил тод байдал” сэдэвт уулзалт, сургалтын үеэр энд оролцсон олон нийтийн байгууллага, ТББ-уудын төлөөлөлд олборлох салбарт хэрэгжиж буй хууль эрх зүй болон гэрээ хэлэлцээрийн талаар танилцуулж, уул уурхайн салбар дахь эрх зүйн нөлөөллийн талаар тайлбарлан хэлэлцүүлэв.


Уулзалт, хэлэлцүүлгийг Монгол-Австралийн эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагаа хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулллаа. 


Холбоотой мэдээ