АНЭУ 15 мянган дүрвэгчийг хүлээн авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-09-23 14:45:15

НҮБ. /Whatson/. Арабын Нэгдсэн Эмирт Улс /АНЭУ/ ирэх таван жилд Сирийн 15 мянган дүрвэгчийг хүлээн авна гэж мэдэгдлээ. Одоогийн байдлаар 250 мянга орчим сиричүүд АНЭУ-д амьдарч байгаа боловч тэд "дүрвэгч" гэсэн статусгүй ажээ.

АНЭУ-ын Олон улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан төрийн сайд Рем Аль-Хашими дүрвэгсдийн асуудлаарх НҮБ-ын Дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ дээрх төлөвлөгөөг танилцуулаад “бид бүгдээрээ өөрсдийнхөө чадах бүхнийг хийх ёстой” гэж мэдэгдэв.

Бид орон гэргүй болсон хүмүүст нэр төрөө хамгаалах, орон гэртээ харих, нийгэмд дасан зохицох , улс орон, ахуй амьдралаа дахин босгох боломжийг олгохуйц тийм итгэл найдварыг өгөх хэрэгтэй гэж тэрбээр хэллээ.

Орогнол хүсэгч сиричүүдийг дүрвэгсдийн статустайгаар хүлээн авах болсноороо АНЭУ нь ийм шийдвэр гаргасан Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн анхны улс болж байна.

Сирид иргэний дайн эхэлсэн цагаас хойш Сирийн таван сая иргэн Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн НҮБ-ын Дээд комиссарын газарт хүсэлт гаргажээ.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ