СЭЛЭНГЭ: Берг Роберт: Нутгийн цэвэр хөрсөнд ургасан модноос алим, жимсний нутагшсан шинэ сорт гаргах хүсэлтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-12-04 18:17:49

Сүхбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт шилжин суурьшигч Канад улсын иргэн Берг Роберттой ярилцлаа. Тэрбээр Канад улсаас ирж, Сэлэнгэ нутагт суурьшин амьдарч байгаа иргэн юм.


-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сэлэнгэ аймагт суурьших болсон сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Би 2002 онд  Канад улсаас  ирсэн. Монголд ирээд 12 жил болж байна. Анх ирээд Улаанбаатар хотод амьдарсан. Сэлэнгэд 9 жилийн өмнө 2014 онд нүүж ирсэн. Сэлэнгэ надад маш нээлттэй, их сайхан санагдсан учраас эндээ суурьшин амьдрах болсон. Намайг ирэхэд хүмүүс их сайхан хүлээж авсан. Би олон танилууд, найзуудтай болсон. Манай гэр бүл Сэлэнгэ сайхан нутагт амгалан, тайван, сэтгэл дүүрэн амьдарч байна. Надад өмнөө тавьсан зөндөө олон зорилт байгаа. Би энэ тариалалт хийх ажлуудаа хүмүүстэй хамтарч хийдэг. Манай эхнэр бас хамт ажиллаж байгаа. Манайх “Амийн мод” гэдэг сургалтын төв ажиллуулдаг. Түүгээрээ дамжуулан алим, жимс тарих сургалтыг Сэлэнгийн иргэдэд явуулж байна. 

-Та ямар мэргэжилтэй вэ? Олон зорилго өмнөө тавьсан гэсэн. Таны хүсэж явдаг зүйл юу вэ?

-Би геологич, тал хээрийн цэцэгжүүлэгч мэргэжилтэй. Монголчууд өөрсдөө алим, жимс тарьж, бүтээгдэхүүн хийх хэрэгцээ шаардлага их байна. Ялангуяа үйлдвэрлэлийн хэмжээнд үйлдвэр байгуулах боломж их байна. Миний хамгийн хүсэж байгаа гол зорилго бол Монголын нутагт алим, жимсний үйлдвэртэй болгоход залуусыг сургаж бэлтгэх. Нэн түрүүнд Монголын залуучуудад өөрийн мэдлэг, сурсан, чадсан зүйлээ заах, сургаж өгөх хүсэлтэй байна.

 

Монгол оронд өөрийн нутагт ургасан, нутагшсан эх орны алим, жимсний модноосоо хурааж авсан бүтээгдэхүүнээрээ үйлдвэр байгуулах хүсэлтэй залуусыг сургаж, бэлтгэх хүсэлтэй байна. Би өөрөө үйлдвэр байгуулж ажиллахыг хүсэхгүй байгаа. Монгол хүнийг өөрийг нь бэлтгэх зорилгыг өмнөө тавьсан. Үүнийг л хүсэж байна.  

 

Одоо над дээр ирж байгаа, хэрхэн яаж алим, жимс тарих тухай асууж байгаа хүмүүс дандаа тэтгэвэрт гарсан, настай хүмүүс ирж байна. Миний хувьд ялангуяа залуучуудад зааж өгмөөр байгаа. Тэд над дээр ирж модонд залгаа хийж ургуулан нутагшсан сорт гаргаад, үйлдвэрлэл байгуулахыг би хүсэж байна. 

-Та Сэлэнгийн аль суманд амьдарч байна. Хэдэн төрлийн алим, жимс, ногоо тарьж ургуулж байна вэ?

-Би одоо Сүхбаатарт амьдардаг. Шаамар суманд 10 га газарт мод үржүүлэх, газар хамгаалах талаар сургалтын төв ажиллуулж байна. Мөн алим, хулуу, ястай жимс, мөөг, төрөл бүрийн чавга, интоор, үхрийн нүд, тошлой, бөөрөлзгөнө, шош, амтат болон халуун чинжүү тарьж байна. Эдгээр алим жимсээрээ шууд чанаж чанамал хийдэг. Мөн цэвэр шүүс гаргаж байна. Бас хатааж эко байдлаар нь хэрэглэж байна. Өөрийн тарьж ургуулсан жимсээ шахаж шүүс гаргах, хатаасан жимс хийж хэрэглэж байна.

 

-Нутагшсан сортоо хэрхэн гарган авч байна. Та алим, жимснийхээ үрийг хаанаас авдаг вэ?

-Канад, АНУ, ОХУ-аас жимсний мод авчирч тарьдаг. Монголчууд урд хөршөөсөө алим, чавга, интоор  зэрэг жимс ногоогоо ихээр оруулж ирдэг юм байна. Үүнийгээ больж, өөрсдөө энэ сайхан цэвэр хөрсөнд ургасан эко алим, жимсээ тарьж ургуулах шаардлагатай байна.

 

Манай Шаамар нутагт маш их ургадаг нутгийн цэвэр хөрсөнд, байгальд өөрөө ургасан цэвэр үрэл модон дээр суулгаж тарьсан, нутагшсан цэвэр сортын алим гаргах хэрэгтэй.


Сэлэнгэ нутгийн хөрсөнд ургаж байгаа нутагшсан үрэл модон дээр тайрч залгаа залгахдаа Канадын мөчир юм уу том бэсрэг алимын мөчрийг залгаж байна. Тэгээд нутгийн сортын цэвэр алимын мод ургана. Үрэл модон дээр алим тарьж болно. Харин буйлс, мойл жимсний модон дээр чавганы мөчир залгаж, тарьж болно. Миний тухайд Монголд амьдарч байх үедээ нутгийн сортын алим, жимсний мод тарих мэдлэгийг залууст зааж, сургаж, эзэмшүүлэхийг хүсдэг. Би бол модны мөчирт залгаа хийж, Монгол нутагт өөрийнх нь нутагшсан сортыг бий болгох, гаргах зорилготой ажиллаж байгаа л хүн.

-Та их гоё бүтээгдэхүүнүүд гаргасан байна. Энэ хатаасан жимс маш гоё амттай юм. Цаашид үйлдвэрлэлээ өргөжүүлэх үү?

-Энэ бүтээгдэхүүнийг энэ жил анх удаа гаргаж байна. Шинэ сорт гаргах ажлынхаа хажуугаар тарьж ургуулсан жимсээрээ төрөл бүрийн бүтээгдэхүүн хийлээ. Өөрсдөө идэж хэрэглэх нь эрүүл мэндэд маш тустай шүү дээ. Дандаа цэвэр хөрсөнд ургасан байгалийн эко бүтээгдэхүүн. Энэ бүтээгдэхүүндээ янз бүрийн нэмэлт чихэр хийгээгүй, цэвэр жимсээрээ байгаа. Ялангуяа хүүхдүүдэд хэрэглэхэд маш сайн. Чихэр идэх хэрэггүй.  Амттай энэ сайхан эко жимсээ идэж, шүүсээ уух нь эрүүл мэндэд тустай. Бүтээгдэхүүнийг өргөжүүлэн үйлдвэрлэх бодол надад байхгүй ээ. Миний гол зорилго бол нутгийн цэвэр хөрсөнд ургасан алим, жимсний нутагшсан шинэ сорт гаргах.  


-Та Сэлэнгэ нутагт суурьших уу. Нутаг буцах бодол байгаа юу?

-Би Сэлэнгэ нутагт цаашид амьдарна. Канад буцахгүй.

Холбоотой мэдээ