АН: Хэвлэн нийтлэх эрх чөлөөг илүү баталгаажуулах нь зүйтэй гэж үзжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр болсон ээлжит хуралдаанаараа “Өргүй Монгол” аяны хүрээнд Монгол Улсын гадаад өрийн талаарх мэдээллийг сонссон байна.
Мөн өнгөрөгч амралтын өдрүүдэд цахим сайтын үйл ажиллагааг хязгаарласан үйлдэлтэй холбогдуулан мэдээлэл сонссон аж. Мэдээллийг Цахим хөгжил, Харилцаа холбооны сайд Н.Учрал, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг, МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар, Гүйцэтгэх захирал Б.Ууганбаяр, Хууль, мэргэжлийн ёс зүй хариуцсан дэд ерөнхийлөгч З.Боргилмаа нар хийсэн байна.
Бүлгийн гишүүд хуулиас давсан журмаар ардчиллын үнэт зүйл болох үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө хумигдаж байгаад харамсаж буйгаа илэрхийлж, хууль тогтоомжид оруулах өөрчлөлтийн талаар ярилцжээ. Гишүүд Цахим хөгжил, Харилцаа холбооны сайд Н.Учралын оруулж ирж буй хуулийг яаралтай горимоор хэлэлцэж, хэвлэн нийтлэх эрх чөлөөг илүү баталгаажуулах нь зүйтэй гэж үзсэн гэж УИХ-ын гишүүн Н.Пүрэвдорж мэдээллээ.