ОХУ-ын Төрийн Думын сонгуулийн эцсийн дүн гарлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ
adiyakhuu@montsame.mn
2016-09-23 10:22:44

МОСКВА./TASS/. Өнгөрсөн ням гарагт болсон ОХУ-ын Төрийн Думын ээлжит сонгуулийн дүнг танилцуулахад “Нэгдсэн Орос” нам парламентын доод танхимд 343 суудал авчээ. Ингэснээр тус нам парламентад үндсэн хуулийн олонхыг бүрдүүлж байна.

"Нэгдсэн Орос" нэг мандаттай тойргуудаас 203 суудал, намын жагсаалтаар 140 суудал авчээ.  

ОХУ-ын Коммунист нам - 42, Либерал-Ардчилсан нам -39, “Шударга Орос” нам 23 суудал тус тус авсан байна. Энэ тухай өнөөдөр болсон хэвлэлийн  хуралд оролцсон Сонгуулийн Төв комиссын орлогч дарга Николай Булаев мэдэгдлээ.

Коммунист намын нэр дэвшигчид нэг мандаттай 7 тойрог, Либерал-Ардчилсан намын нэр дэвшигчид 5 тойрогт, “Шударга Орос” намынхан 7 тойрогт тус тус ялалт байгуулжээ.

Тэднээс гадна Төрийн Думд парламентын бус намын 2 төлөөлөгч, нэг бие даан нэр дэвшигч депутатаар сонгогдлоо. Тэд бол “Родина” намын дарга Алексей Журавлев, “Гражданская платформа” намын Улс төрийн хорооны дарга Рифат Шайхутдинов болон бие даан нэр дэвшигч Владислав Резник нар юм. Эдгээр гурван нэр дэвшигчийн ялсан тойргуудад “Нэгдсэн Орос” намаас нэр дэвшүүлээгүй ажээ.

Өнгөрсөн ням гарагт болсон Төрийн Думын сонгууль холимог системээр явагдаж, 225 депутатыг намын жагсаалтаар, 225 депутатыг нэг мандаттай тойргуудаас сонгосон юм.

Сонгуулийн ирц 47,88 хувьтай байсан бөгөөд нийт 52 сая 700 мянга 922 сонгогч санал хураалтад оролцжээ. 2011 онд болсон сонгуулийн ирц 60,21 хувьтай байсныг Сонгуулийн Төв комиссын орлогч дарга Николай Булаев дурдлаа. 

Б.Адъяахүү

Холбоотой мэдээ